card

Ямар эрсдэл байж болох вэ?

Ханглайдинг, параглайдинг бол уулын дугуй, цана, өндөр уулын авиралт зэрэгтэй яг л адилхан: түүнийг аюултай, эсвэл аюулгүй байлгах нь зөвхөн таны л сонголт гэсэн үг.

Ханглайдинг, параглайдинг бол нислэгийн хэлбэрүүд, тэгсэн хирнээ бас спортын төрлүүд. Бие махбодын хувьд тодорхой шалгуур байж болох ч хүн бүрт хүртээмжтэй, сурах боломжтой төрлүүд юм. Ямар төрлийг нь ямар хэмжээнд сурах зорилго тавьснаас юу үзэж мэдрэх, ямар туршлага хуримтлуулах чинь шалтгаална.

Энэ спортод байж болох эрсдлийг удирдаж сурахад аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд мөрдөн, туршлагатай нисгэгчдийн бичсэн өгүүлэл, ном товхимол унших, ослын дүн шинжилгээ хийх, аврах хэрэгслийн тухай мэдлэг мэдээлэл авах замаар учирч болох эрсдлийг багасган, спортоосоо авч болох таашаалыг нэмэгдүүлэх боломжтой юм. 

Нислэг үйлдэх, эрсдлийг удирдахад нэн чухал хэрэгтэй зарим зүйлсийг авч үзвэл:

Цаг агаар

Манай спортод нилээд алдартай нэг ном бий. Олонд түгсэн нэр нь “Weather to fly”. Англи хэлний weather-цаг агаар, whether-эсэх гэсэн ижил дуудлагатай 2 үгээр “нисэх цаг агаар”, эсвэл “нисэх үү, яах вэ” гэж ч ойлгогдож болохоор энэхүү үгийн тоглоом ханглайдинг, параглайдингийн хувьд цаг агаар ямар чухал болохыг илэрхийлдэг. Та энэ долоо хоногт ниснэ гэж төлөвлөөд амралтаа зохицуулсан байлаа ч хэрэв цаг агаар нь тохиромжгүй бол та нисч чадахгүй.  Тиймээс сургалтын хөтөлбөрийн салшгүй нэг хэсэг нь макро болон микро түвшинд цаг агаарыг судлах асуудал байдаг. Урьд нь үүлсийг хараад хэзээ ч анзаардаггүй байсан зүйлсээ олж хардаг болноо гэсэн үг!

Далавч хэрэгсэл

Манай спортын нэг сайхан зүйл нь далавч, тоног төхөөрөмжийн хувьд үргэлж шинэчлэгдэж, илүү өндөр үзүүлэлттэй (илүү хурдан бөгөөд хол нисэх боломжтой), аюул осол багатай болсоор байна. Ялангуяа параглайдингийн хувьд 20-30 жил л болж байгаа хэдий ч гүйцэтгэл, аюулгүй байдлын үзүүлэлтүүд жилээс жилд сайжирсаар байна. Гэхдээ л аливаа нисэх төхөөрөмжийн мөн чанар бол тодорхой хэмжээний эрсдэл үргэлж байдагт оршдог. Ханглайдерыг нислэг бүрийн өмнө угсрах шаардлагатай байдаг. Хэрэв анхаарал жаахан сарних л юм бол ноцтой үр дагаварт хүргэх аюултай. Харин параглайдерын хувьд нийлэг материалан уутанцаруудыг агаар дүүргэж далавч болгож байгаа ч энэ нь хатуу, бат бэх зүйл биш юм.

Дүгнэлт хийх чадвар

Энэ бол нисгэгчийн сурах ёстой хамгийн чухал чадваруудын нэг юм. Өнөөдөр салхи хэтэрхий их байна уу? Термал намайг хангалттай өргөж чадах хэмжээнд байна уу? Ойрхон мод байхад би аюулгүй гараа үйлдэж чадах уу? Өөрийн ур чадвар болоод нислэгт тань нөлөөлж болох хүчин зүйлсийн талаар зөв дүгнэлт хийх чадварыг өөртөө суулгаж чадвал нисгэгчийн бүхий л амьдралын тань турш хэрэг болно.

Шийдвэр гаргах чадвар

Мэдээж та өөрөө өөртөө ерөнхий командлагч учраас нислэгийн талаар ямар шийдвэр гаргах нь таны хэрэг. Гэхдээ цаг агаарын тухай мэдлэг, далавч хэрэгслийнхээ боломж, өөрийн үнэлэлт дүгнэлтээ зөв ашиглах итгэл үнэмшил төдийгүй бусад нисгэгчдийн санаа бодлыг зүй зохистой авч үзэж байж хэзээ, хаана нисэх шийдвэрээ гаргах хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал ханглайдинг, параглайдингийн аливаа эрсдлийг удирдаж, амжилттай нислэг хийж чадна. 

Эрсдэл