Б.Долгормаа
Нисэгч
2011 онд Улаанбаатар хотод оюутан болж ирээд хүүхэд байхын нисэгч болох, шүхрээр буух мөрөөдлөө биелүүлэхээр нисэх спорт, шүхрийн спортын талаар хайж судалж байсан. Гэвч 084-р ангийн цэргийн ангийн шүхрийн буултаас өөр мэдээлэл тэр үед байгаагүй юм.
2013 онд нисэгч Шижирээгийн “Агаарын спортын блог”-ийг үзээд түүнтэй холбогдон параглайдинг спортод анх хөл тавьж байсан. Шижирээ маань Америкт суралцаж байх үедээ параглайдинг болон скайдайвингийн сургалтанд суугаад Монголдоо дөнгөж ирээд байсан үе л дээ.
2013 оноос хойш ийнхүү найзуудын хамт параглайдингийн спортыг Монголд дахин сэргээн хөгжүүлж, таниулан сурталчилах кампанит ажлуудыг зохион байгуулсны үр дүнд өнөөдөр агаарын чөлөөт нислэгийн параглайдинг спортыг мэдэхгүй хүн цөөхөн болжээ. Түүнчлэн шинээр олон нисэгчид, тамирчид төрөн гарч спортын чиглэлээрээ хөгжиж байна.
Миний бодож явдаг хүсэл зорилго бол параглайдинг спортыг анхнаас нь зөв суурьтай, эмх цэгцтэй хөгжүүлж, ирээдүйд урт удаан хугацаанд амжилттай оршин тогтнох нэгдсэн системтэй хүчирхэг спортын холбоо болгохыг хичээдэг. Цаашид удирдан авч явах, илүү ихийг хийж бүтээх манлайлагч спортлог залуусыг төрүүлэн гаргаж, шударга ил тод нээлттэй, гишүүддээ хүртээмжтэй, тэдний эрх ашгийн төлөө гэсэн сэтгэлтэй, эерэг, зөв хандлагатай спортын байгууллага байх ёстой юм. Спортын бүхий л түвшинд багийн сэтгэлгээ, хамтын хүч байж, бие биенээ дэмжин, хамтдаа хөгжсөөр богино хугацаанд амжилт гаргах бололцоогоо улам нэмэгдүүлнэ гэж боддог.
Мөн 2014 онд 1100 метрийн өндрөөс шүхрээр бууж байсан. Юутай ч өөрийн хүсэл мөрөөдлөө тодорхой хэмжээнд биелүүлэн спортоо хөгжүүлж байгаадаа баяртай байдаг. Нисэх спорт болон шүхрийн спорт үнэхээр гайхалтай. Миний амьдралын чухал мөчүүд нэгээхэн цаг үе энэ спорттой холбоотой байдаг учраас энэ спортдоо их хайртай.