Цаг агаар
Нислэгийн цаг агаарыг эндээс үзээрэй:
Монгол орны уур амьсгал
Монгол орны газар нутаг гадаад далай тэнгисээс ихээхэн алслагдсан, Евразийн эх газрын төвд тал бүрээсээ өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн, далайн түвшнээс дунджаар километр хагас илүү өндөр өргөгдсөн зэргээс шалтгаалан эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай. Монгол орны уур амьсгалын гол онцлог бол жилийн дөрвөн улирлын ялгаа ихтэй, энэ чанараараа агаарын температурын хэлбэлзэл өндөр, хур тунадас бага, уур амьсгалд өргөрөгийн болон өндрийн бүслүүрийн ялгаа тодорхой илэрдэг явдал юм. Монголд богино (VI сараас VIII сарын дунд хүртэл үргэлжлэх), хуурай зун, ихээхэн хүйтэн, урт (XI сараас IV сар хүртэл үргэлжлэх) өвөлтэй, хавар намрын улирлын үргэлжлэх хугацаа жилээс жилд өргөн хүрээнд хэлбэлздэг онцлогтой.
Агаарын температур
Монгол орны жилийн дундаж температур 0.2°С (32°F), өвлийн улирлын дундаж температур -10°…-30°С (14°…22°F), зуны улирлынх нь 10°…27°С (50°…80°F) байна. Жилийн дундаж агаарын температур Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутгаар –4°С (24.8°F)-аас хүйтэн, үүний дотор уулс хоорондын хотгор, томоохон голын хөндийгөөр –6°C -аас –7.40С (21.2…18.7°F) хүйтэн, цөлөрхөг хээрийн бүсэнд 2°С (35.6°F)-аас дулаан, өмнөд говьд 6°С (42.8°F) -аас дулаан байна. Агаарын жилийн дундаж температурын 0°С-ын шугам нь Монгол орны цөлөрхөг хээрийн, /говийн/ бүсийн хойд хилээр дунджаар хойд өргөргийн 46 градусын дагуу байна. Агаарын жилийн дундаж температур –2°С (28.4°F)-аас хүйтэн нутагт мөнх цэвдэгт хөрс тархсан байдаг. Өвлийн улиралд үнэмлэхүй бага температур -28°С-аас -54°С (-18.4°...-65.2°F) хүрч хүйтэрдэг бол зуны улиралд үнэмлэхүй их температур 30°С-аас 45°С (86°…113°F) хүрч халдаг.
Хур тунадас
Монгол оронд хур тунадасны нийт хэмжээ бага боловч уул нуруудын байршил, тэдгээрийн өндөршил зэрэгтэй уялдан жилд орох тунадасны хэмжээ газар нутаг бүхэнд харилцан адилгүй байна. Тухайлбал: Хангай, Хөвсгөл , Хэнтийн уулархаг нутаг, томоохон голын хөндий нутгаар жилдээ 250-390мм тунадас ордог бол Алтайн уулархаг нутгаар 90-130мм болон тал хээрийн нутгаар 180-280мм орчим тунадас ордог байна. Ийнхүү хур тунадасны хэмжээ хойноосоо урагшлах тусам багасаж говийн нутгаар хамгийн бага жилдээ 70-150мм тунадас орно. Алтайн өвөр говь болон өмнөд хил орчмоор 40-60мм түүнээс ч бага хур тунадас орох тохиолдол байдаг.
Бусад цаг уурын хэмжигдэхүүн
Нарны цацраг: Монгол нутагт жилд дунджаар 230-260 өдөр нартай байдаг. Энэ нь 2.600-3.330 цаг юм.
Салхи: Монголын хээр болон цөлөрхөг хээрийн бүсэд салхи ихтэй байдаг. Жилийн дундаж салхины хурд дээрх бүс нутагт 4-6 м/с, Хэнтэйн ууланд 1-2 м/с, бусад нутагт 2-3 м/с байдаг.
Монгол орны нийт нутгийн 41.3%-ыг говь цөл, хээрийн бүс эзэлдэг. Энэ бүс нутагт шороон шуургатай өдрийн тоо 30-100 байдаг бол Монгол элсийн өмнөд хэсгээр 120 байдаг. Нийт шороон шуурганы 61% нь 3 дугаар сард, 7% орчим нь зуны улиралд тохиолддог. Шороон шуурга Өвлийн улиралд Увс нуурын хотгорт тохиолддоггүй. Гэвч Арцын хоолойгоор өвлийн 3 сарын 1/3 өдөрт нь шороон шуургатай байдаг. Шороон шуурганы 80% нь өдрийн цагт тохиолдцог. Цаг уурын ажиглалтын мэдээгээр говь цөлийн бүсэд 300-600 тохиолддог. Монголын шороон шуурга нь "Азийн шар шороон шуурга"-ын үндсэн нэг үүсгэвэр юм.