Өнгөрсөн жил бидний хийсэн судалгаагаар бүх нисгэгчдийн 60 орчим хувь нь En-B далавчаар нисдэг гэж гарсан. Гэтэл энэ ангилал маш өргөн хүрээг хамардаг. Дөнгөж нисгэгч болж байгаагаас авахуулаад бүр нэлээн ур чадвартай нь хүртэл нисэж болохоор зориулалттай байдаг.
Тиймээс ч энэ ангиллын далавч маш их зарагддаг, ихээхэн тархсан байдаг. Энэ хэрэгцээг хангахын тулд маш олон үйлдвэрлэгч нар дунд шатны параглайдерыг олон янз, загвараар хийдэг. Зарим үйлдвэрлэгч нар зөвхөн En-B ангиллын 2-4 төрлийн далавч хийдэг. Зарим тусгай зориулалтын далавчийг оруулах юм бол бүр түүнээс ч их байна. Тэгэхээр ийм олон боломжит хувилбарууд дотроос өөртөө тохирохыг хайж олно гэдэг бас амаргүй. Гэхдээ бүгдээрээ хамт харцгаая.
Дунд шатны далавч гэж юу вэ?
“Дунд шат” гэдэг үг энэ ангиллыг маш өргөн утгатай болгож байна. Нөгөө талаар, энэ нь бас буруу ойлголт төрүүлэхээр нэр томьёо болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, сургалтаа дуусгаад параглайдингийн жинхэнэ ертөнц рүү орж байгаа мэт ойлголт төрүүлэхүйц байгаа биз? Ингэж ойлгох нь маш буруу. Зүгээр л энэ ангилал хэр өргөн хүрээг хамардаг болохыг энэ нэр томьёо харуулж байгаа юм. Доод-дунд шатны далавч бол гараа хийхэд амархан, тав тухтай, нисгэгчийн зарим нэг алдаанд хэт мэдрэг биш. Тоормосны зам урт байхаас гадна нисэхэд тав тухтай байдлыг мэдрүүлнэ.
Харин дээд-дунд шатны далавч бол маш шулуухан, илүү хурдан, гүйцэтгэл сайтай, гэхдээ нисгэгчийн алдааг уучлахгүй. Aspect ratio (урт, өргөний харьцаа) илүү өндөр байдаг учраас нисгэгчээс удирдах техник, ур чадвар шаардана.
“Сургалтын процесс сайн байсан бол low En-B далавч удирдахад ч, хэрэглэхэд ч амархан” гэж Чехийн Mac Para үйлдвэрийн дизайнер-үүсгэн байгуулагч Петр Рицек хэлж байна. “Сайн сургалт аваад ур чадвар нь дажгүй болсон суралцагч бол анхны далавчаараа low En-B аваад нисэхэд ямар ч асуудалгүй”.
“High болон low En-B далавчны хоорондох ялгаа гэвэл, high B-г сургалтанд ашиглах ямар ч боломжгүй” гэж Ozone-ий хөгжүүлэгч-туршин нисгэгч Рассел Огден бас хэлж байна. “Ур чадвар нэлээд шаардахаас гадна нисэхэд тийм ч амархан биш. Сүүлийн үед гараад байгаа En-A+ болон low En-B хоёрын хоорондох ялгаа маш багасаад байгаа. Тийм болохоор цаашид энэ хоёр далавчийг нийлүүлээд нэг болгох талаар бид бодож байгаа” гэж Петр хэлэв.
Багийг хуулахуй
En-B ангилал ийм өргөн хүрээтэй байгаа нь нисгэгчдийн хувьд бэрхшээл үүсгэдэг. Бүр өөртөө тохирохгүй далавч худалдан авахад ч хүргэж болно. “B” гэдэг үсгийн доор бүгд “нуугдаж” байгаа шүү дээ. Тэгэхээр дээд юм уу, доод-дунд түвшнийх гэдгийг нь яаж мэдэх вэ?
Юуны өмнө үйлдвэрлэгчид өөрсдийнхөө далавчийг сургалтанд тохирох эсэхийг заавал хэлэх ёстой. Сургалтанд тохирно гэж заасан байх юм бол амархан бөгөөд хөнгөн удирдлагатай гэсэн үг. Ихэнх low En-B далавчууд ийм тодорхойлолттой байдаг.
Мөн aspect ratio болон цонхны тоо нь low юм уу, эсвэл high B юм уу гэдгийг хэлээд өгнө. Эдгээр нь гүйцэтгэл болоод удирдлагын хувьд маш том үзүүлэлтүүд болж өгдөг. Гэхдээ мэдээж бас далавчны их биеийн хэлбэр зэрэг бусад олон хүчин зүйл байна. Aspect ratio бол тоормосны замд маш их нөлөө үзүүлдэг. Бусад бүх зүйл нь адилхан байлаа ч нэг брэндийн хоёр төстэй далавч байлаа гэхэд цонхны тоо нь бага бол голдуу low En-B байна. Мэдээж хэт хөнгөн болон мини, эсвэл single skin далавчнууд үүнд хамаарахгүй. Aspect ratio 5.4 хавьцаа байхад давхцал маш их үүсдэг. Үүнээс доошоо байх юм бол low En-B, дээшээ байх юм бол high En-B байна гэсэн үг
En-B ангиллын бүх далавч адил тэнцүү юу?
Далавчны тест нислэгийн тайлан дээр олон “B” үсэг байх тусмаа тэр нь high En-B далавч гэсэн үг. Тэгэхлээр нисгэгчээс нэлээд их ур чадвар шаардана. Гэхдээ тест нислэгийн тайланд хэт их анхаарал бас хандуулаад хэрэггүй.
Нэг ангиллын далавчууд учраас бие биетэйгээ адилхан байх ёстой гэж нисгэгч нар боддог. Гэтэл “ангилал бол тест нислэгээс хамаагүй өргөн агуулгатай зүйл” гэж Gin Gliders-ын дизайнер Торстен Сигэл хэлж байна. 2014 онд Gin Gliders Carrera далавч гаргасан, харин саяхан Explorer гаргасан. Хоёулаа кросскантри нислэгт зориулагдсан учраас сургалтаа дөнгөж дуусгаад буй нисгэгчийн анхны далавч байж чадахгүй. Эхлээд Carrera-г “C” ангиллын далавч байхаар дизайныг нь хийсэн боловч яг сертификат авахдаа “B” оноо илүү олныг авсан. Тэр үед дизайнер Gin Seok Song “зөвхөн “С” гэсэн үсэг шошгон дээрээ бичихийн тулд буцаад дизайнаа өөрчлөх харамсалтай байсан” гэж тайлбарласан байдаг. Түүнээс гадна En гэдэг ангиллууд бол маш ерөнхий юм гэдгийг ихэнх нисгэгч нар хүлээн зөвшөөрөх болсон. Тийм болохоор Carrera мөн л Gin Atlas шиг En-B сертификат авсан мөртлөө өөр түвшний нисгэгч нарт зориулагдсан гэсэн үг.
“Carrera эхлээд уг нь зүгээр явж байсан. Гэтэл Atlas-ын нисгэгч нар ижил ангиллын далавч гээд тэрүүгээр нисэж эхэлсэн байхгүй юу. Түүнээс болоод Carrera-гийн талаар бөөн шуугиан дэгдэж, тэр улиралд бүх форум дээр энэ талаар хэлэлцүүлэг өрнөж байв. Одоогийн энэ Explorer ч гэсэн B ангилалдаа маш онцгой далавч” гэж Торстен нэмж хэлэв. “Үйлдвэрлэгчдийн хувьд бид нар үүнийг зохих ёсоор нисгэгч нарт тайлбарлаж өгөх ёстой. Тэгээд спорт ангиллын кросскантри далавч юм уу, эсвэл low En-B Atlas шиг далавч юм уу гэдэг ялгааг нь хэлж өгөх ёстой”.
Ozone-ы Рассел ч түүнтэй санал нэг байна. “En тест бол зөвхөн тогтуун агаарт, нисгэгчийн зориуд хийж буй үйлдэлд далавч ямар хариу үйлдэл үзүүлж байгааг л тогтоодог шүү дээ. Бодит амьдрал дээр бол нуралт болгон өөр өөр. Бүх нөхцөл ижил тохиолдолд low B ч, high B ч адилхан л аюулгүй далавчнууд. Харин дунд нь нисгэгч ороод ирэхээр л бүх зүйл өөрчлөгдөнө гэсэн үг”.
“High B бол С ангилалд их ойрхон байдаг. Зарим С далавчнууд В далавчаас ч илүү удирдахад амар байдаг” гэж Мac Para-гийн Петр Рицек хэлж байна.
Рассел ч бас түүнтэй санал нэг байна. “Ozone-ий Delta 4 гээд маш “хөөрхөн ааштай” En-C далавч бий. Бид бараг B ангилал авч болох байсан. Гэхдээ бид нар тестийн үзүүлэлтээр биш, харин яг зориулж зохион бүтээсэн нисгэгчиддээ тэр далавчийг худалдмаар байна шүү дээ. Delta 4 бол маш хүчирхэг, өндөр эрч хүч бүхий далавч юм. Тестэнд маш сайхан “ааш зан” харуулдаг. Бодит амьдрал дээр энэ бол маш динамик боломж ихтэй далавч байдаг”.
Дунд шатны нисгэгч гэж ерөөсөө байдаггүй
Low юм уу high En-B далавчны нисгэгчийг яг таг тодорхойлох бараг боломжгүй. Хоёр жил В далавчаар ниссэний дараа SIV сургалт хийгээд, тэмцээний далавч авдаг нь ч байна. Зарим нь хорин жил ниссэн мөртлөө low En-B-гээ хэзээ ч сольдоггүй нь ч байна.
Нислэгийн цаг л хамгийн том хүчин зүйл юм. Жилд тавиас доош цаг нисдэг нисгэгч нар бол ер нь En-B далавчтайгаа байж байсан нь дээр гэж боддог. Бас хэд хэдэн SIV сургалт авсан ч сандралтай, өөртөө итгэлгүй, ур чадвар дутуу байгаад байвал low En-B дотроо байсан нь л дээр.
Хамгийн гол өгөх зөвлөгөө бол үйлдвэрлэгч нартай, дистрибьютерүүдтэй, сургууль, багш нар, туршлагатай нисгэгч нартай ярилцах хэрэгтэй. Ямар ч үйлдвэрлэгч аюултай, тохиромжгүй, таамаглах боломжгүй тийм далавч хийх, эсвэл худалдахыг хүсэхгүй. Далавчны гарын авлагууддаа зорилтот бүлэг, шаардагдах ур чадвар гэх зэрэг бүх зүйлийг багтаасан байдаг. Тэдний хэлж буй зүйлд өөрийн чинь чадвар тохирч байна уу гэдэг тал дээр шударга хандах хэрэгтэй. Тэгээд бас уг далавчийг сайн мэддэг багш, нисгэгч нараас асуух хэрэгтэй. Зөвхөн En ангилалд тулгуурлан шийдвэр битгий гаргаарай. En тестний тайланг харж цаг алдах хэрэггүй гэж бодож байна. Хамгийн чухал мэдээлэл бол үйлдвэрлэгч нараас л ирдэг. Gin-ий Торстен бүр нэг юм уу, хоёр жил нисээд өөрийгөө харуулсан тийм далавч авах ёстой гэж зөвлөж байна. Заавал шинээр гарсан далавч авах гэх ямар ч шаардлага байхгүй.
Асуулт асуу. Шударга бай.
Хэтэрхий эрт high B юм уу С рүү шилжих нь таны ахиц дэвшил болон гүйцэтгэлд маш хортой байж магадгүй юм. Сэтгэл санаа тайван байх үед л нисгэгч сайн нисэж чадна. “Нисгэгч бүр өөрөө өөрийнхөө асуултанд хариулж чаддаг байх ёстой. Би ямар далавч хайж байгаа вэ? Би жилд хэдэн цаг нисдэг вэ? Би хэр давтамжтай нисдэг вэ? Би зүгээр л амралтын өдрүүдэд, өглөө, оройдоо тайван амгалан нислэг хийхийг хүсэж байна уу? г.м. Тэгээд өөрөө өөртөө үнэн зөв, шударгаар хариулах хэрэгтэй. Түүнээс гадна SIV сургалт болон газрын бэлтгэлийн цаг нийт нислэгийн цагаас ч илүү ач холбогдолтой” гэж Петр Рицек зөвлөж байна.
Өнөө цагт кросскантри нислэг хийнэ гэдэг бол маш хурдтай нисэх тухай яриа байдаг. Хэрэв далавчнаасаа жаахан жийрхээд байх юм бол ямар ч нөхцөлд speed bar дээрээ гишгэхээс айна гэсэн үг. Тийм болохоор low B далавчаараа нисэж байснаас ч хамаагүй бага хурдтай нисэхээс гадна холын зайд нисэж чадахгүй болно гэсэн үг. Та ер нь одоо нисэж байгаа далавчныхаа speed bar дээр хэзээ ч гишгэж үзээгүй бол ангилал ахиулах тухай бодох нь утгагүй.
Хэрэв өмнөх далавчаараа нисчихдэг байсан нөхцөлд айгаад гарч чадахгүй байвал буруу далавч авчихсан байнаа л гэсэн үг. Тийм болохоор өөрөө өөртөө шударга байж, өөрөө 110% итгэлтэй болсон цагтаа л далавчныхаа ангиллыг ахиулаарай. Бид баяр хөөр, аз жаргалыг мэдрэхийн тулд нисэж байгаа. Тийм биз дээ?
Cross Coutry сэтгүүлийн "Gear Guide 2021" тусгай дугаараас Ч. Туул орчуулав.