АНХНЫ ДАЛАВЧАА АВАХДАА ХЭРХЭН ЗӨВ СОНГОХ ВЭ?

Ихэнх параглайдерын нисгэгчид En-A далавчаар сурч эхэлдэг. Энэ нь зах зээл дээр байгаа хамгийн энгийн бөгөөд аюулгүй далавч юм. Аюулгүйгээс гадна газрын бэлтгэлийн үед, нислэгийн улиралд, өдөр бүр, өдөрт бүр хэдэн удаа бөөрөнхийлж базаад, мөрөн дээгүүрээ шидчихээд уулын хяр өөд мацахад гарын ая даахуйц, эдэлгээ сайтай байхаар хийгддэг бөгөөд гараа хийх үед амархан босохоос гадна таамаглаж болохуйц нислэгтэй, газардахад ч амархан байдаг.

Үйлдвэрлэгчээс хамаарахгүйгээр эхлэн суралцагчийн далавчууд бүгд адил шинж чанаруудыг агуулна. Aspect ratio (урт, өргөний харьцаа A=У/Ө) багатай (голдуу 4.5-4.9), строп болон жолооны систем нь өнгөөр ялгарсан, дээр нь үсэг болон тоогоор тэмдэглэсэн, “чих тавих” зориулалттай строп (stabilo line) нь тусдаа, хурдны систем нь маш энгийн гэх мэт. Далавч хаах тоормоз нилээд урт учраас “хүнд гартай” нисгэгч нар хүртэл нисэж байх үедээ далавчаа унтраах хэмжээнд (stall point) хүртэл хаах бараг боломжгүй (бараг шүү).

Шинэ нисгэгчид бол сурч байгаа үедээ далавчнаасаа аюулгүй байдал, зугаатай байхаас өөр илүү юу хүлээх билээ? Тийм байснаар ч өөртөө итгэх итгэл, ур чадварыг илүү хурдан суулгаж чадна.  

ХАРИН СУРГАЛТАА ДУУСАХААР ЯАХ ВЭ?

Сургалтаа дуусахаар танд сонголт гарч ирнэ. Та нисэж сурсан, нисэх дуртай далавчаараа нисэх үү? Эсвэл арай дээгүүр ангиллын далавч авах уу?

Эхний тохиолдолд та дасаж сурсан далавчаараа багш тань хажууд байхгүй үед ч гараа хийж, нисэж, газардаж чадна гэдгээ мэдэх учраас тав тухтай, итгэлтэйгээр нислэгийн цаг хуримтлуулж болно. Энэ бол бодож үзэх хамгийн чухал шалтгаан мөнөөсөө мөн. Нисгэгч болох энэ шатанд таны хувьд нислэгийн цаг хуримтлуулах нь хамгаас чухал учраас танил далавчаараа нисэх нь ур чадвараа ахиулах, халин нисэх, термалдах, анхны кросскантри нислэгээ хийх зэрэгт анхаарлаа төвлөрүүлэхэд тань тусална. Ялангуяа өнөөдөр зах зээл дээр бэлэн байгаа “зүгээр л гялтайсан” En-A далавчтай энэ замаар явахад буруудах зүйл огт байхгүй.    

Гэхдээ бас цаашаа ахиж дэвшиж, ингэхийн хэрээр ирээдүй рүү харахыг та хүсэж болно. Хэн нэг найз чинь low En-B буюу дунд түвшний далавч аваад, дараагийн нислэгийн хоёр улирлын турш түүндээ таарахуйц “өсч том болно”, ингэх нь санхүүгийн хувьд ч ашигтай гэж ятгаж болно.

Хэрэв та юм сурахдаа хурдан, энэ спортыг ч амархан сурч чадаж байгаа бол энэ хоёр зам хоёулаа зөв байж болно. Гэхдээ “хэт хурдавчилсан ахиц” буюу юмыг хэтэрхий хурдан сурах гээд үндсэн ур чадварууд суулгах шатандаа нэн чухал алхмуудыг алгасдаг алдаа байдгийг мартуузай. Тэгэхээр ахисан түвшний далавч авна гэдэг нь түүндээ тохирсон хэмжээний цаг зав, хичээл зүтгэл, тууштай байдал гаргах ёстой болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, гараа хийх, газрын бэлтгэл зэргээ тасралтгүй “нүдэж” байж л далавчаа эзэмшиж чадна.

Харин... бүх зүйл таны санасан хүссэнээр болохгүй бол En-A далавчтай нөхөд чинь гараан дээрээс сүн-сүн гээд л гараад явчих үед та далавчтайгаа ноцолдсоор л үлдэх вий. Тиймээс энэ замаар явах нь арай хүнд байж магадгүй.

Мэдээж сонголт таных, гэхдээ ухаалаг сонголт хийхийг хичээгээрэй. Энд багш чинь туслах болно. Тэд таныг, таны нислэгийг сайн мэдэх учраас ангилал ахиулах нь зөв үү, эсвэл нисэж сурсан далавчаараа дахиад нэг улирал нисэх нь зөв үү гэдгийг зөвлөж чадна. Багшийнхаа зөвлөгөөг сайн сонс, өөрийн ур чадвар болон хэтийн зорилго, амбицаа бодитоор үнэл.

En-A далавчаар ур чадвараа ахиулах

Өнөө үеийн En-A болон En-B далавчууд бол технологийн дэвшлийн гайхалтай эс ширхэг болж чадсан шүү дээ. “Зөв өдрөө, зөв хүний гарт” эдгээр далавч термалд орж, 100 км нисэх бол зүгээр л энүүхэнд. Тэд бол таныг нисгэгч болгох анхны ур чадваруудыг эзэмшүүлэхэд төгс тохирно. Эхний хоёр улиралдаа En-A далавчаа яаран ахиулах хэрэг байхгүй.

Хэрэв та үүлний суурьт хүрч, салхины уруу нисэж, кросскантри нислэг хийх оролдлого хийж, speed bar гишгэж, тэр бүү хэл SIV сургалт авч, анхны full stall болон спирал шумбалтаа хийж үзээгүй байгаа бол орчин цагийн En-A далавчаа дунд түвшний далавчаар солих гэсний хэрэггүй.

Үнэнийг хэлэхэд, сайн нислэг гэдэг далавчнаасаа бус нисгэгчээсээ ихээхэн хамаардаг юм шүү. Өнөө цагийн En-A болон low En-B далавчуудаар нисэхдээ та нүдээ томоор нээж, эргэн тойрноо ажиглан, үүлс, халин нисэх шувууд, салхины хурд, чиглэл, бусад нисгэгч нар гээд бүх зүйлийг анзаарах сөхөөтэй байна. Харин танд хэтэрхий ахадсан далавчаар нисвэл энэ бүхнийг анзаарч харах нь битгий хэл далавчтайгаа ноцолдсоор таарах вий.

Анхны далавчаа худалдаж авах нь сэтгэл догдлуулсан, гайхалтай мөч байх нь лавтай. Харин түүгээрээ нисэх нь ч бас зугаатай, тав тухтай, сэтгэл хөдөлгөм бөгөөд АЮУЛГҮЙ байх ёстой. Үүнээс илүү чухал зүйл гэж юу байх билээ?

Cross Country сэтгүүлийн “Gear Guide 2021” тусгай дугаараас орчуулсан Ч. Туул