Ниснэ гэдэг бол тодорхой хэмжээгээр таавар юм. Зүгээр л уулын оройгоос нисээд бэлд бууна гэхэд л маш их мэдээлэл цуглуулж, зарим чухал шийдвэрийг гаргах хэрэгтэй болдог шүү дээ. Тийм учраас л ниснэ гэдэг гайхамшиг бус уу? Агаар салхи нүдэнд харагдаж, гарт баригдахгүй учраас тэрээр үзэгдэх биетүүдэд хэрхэн нөлөөлж, үр дүнд нь юу болж байгааг харж байж л ойлгоно.
Үүлс, газар орны байдал, нар, салхи, тэгээд мэдээж нисдэг биетүүд бидэнд асар үнэтэй мэдээлэл өгнө. Тиймээс ажиглалт хийж, мэдээллийг шингээж авах чадвар тань агаар салхи нислэгт хэрхэн нөлөөлдгийг ойлгох, улмаар сайн нисэхийн үндэс суурь нь болж өгнө.
Амархан юм шиг сонсогдож байгаа биз? Харин бодит байдал дээр бол тогтмол нисдэггүй ихэнх нисгэгч нар далавчаа удирдахад хамаг анхаарлаа төвлөрүүлчихээд эргэн тойрноо харж, ажиглалт хийхэд ямар ч цаг гаргаж чаддаггүй.
Нисэх үйлдлийг автоматаар хийж чаддаг болох тусам эргэн тойрноо анхаарч, ажиглах боломж тань нэмэгдэнэ. Нэг талаар энэ нь туршлагатай нисгэгчдийг улам илүү сайн болгож байдаг зүйл юм. Энэ үйл явцыг таны хувьд хурдасгахын тулд өөр өөр нөхцөл байдалд нисэхдээ би юуг анхаарч, ажигладаг тухайгаа хэлж өгье.
Цаг агаар
Энэ спортын хувьд анхааралтай ажиглаж, ойлгох ёстой хамгийн чухал зүйл бол цаг агаар. Энэ нь таны амжилтанд төдийгүй аюулгүй байдалд дээд зэргээр хамаатай. Хаана идэвхтэй өргөлт байна, хаана аюултай хуйлралт байна, термал аль зүг рүү нүүж байна зэргийг олж мэдэхийн тулд салхины чиглэл, хүчийг байнга тооцож байх ёстой.
Тэнгэр дэх нарны байрлал, үүлний сүүдэр, агаарын масс болон дээд үүлэн дэх өөрчлөлтүүд зэрэг нь термал үүсэхэд ихээхэн нөлөөлдөг. Цаг агаарын мэдээнд дурдсан, гарч болох өөрчлөлтүүдийн талаар мэдэж, тэдгээрийг ажиглаж байх хэрэгтэй.
Үүл
Бөөн үүл нь термалын оройг тэмдэглэдэг. Термал үүлний суурь хэсэгт хүрмэгц бөөн үүл томорсоор сарнидаг бөгөөд өргөлт байгааг маш тодорхой харуулдаг. Өдөр бүр үүлс янз янзаар хуралдана. Зарим өдөр томоос том цэцэгт байцаа мэт, зарим өдөр шалихгүй жижиг г.м. Үүлс яаж хуралдаж байгааг ажиглаж, хооронд нь харьцуулснаар хаана хамгийн сайн өргөлт байгааг тодорхойлж, мөн аль нэг үүл аюултай болж байгаа эсэхийг үнэлж чаддаг болно.
Термалд нисэх
Ажиглалт хийхийн асар чухлыг тов тодорхой харуулдаг нэг зүйл бол термалд нисэх үе юм. Сайн нисгэгч бол эргэн тойронд нисэж байгаа бусад нисгэгчдээ байнга ажиглаж байдаг. Хэрэв хэн нэг нь дээш хурдан өргөгдөөд эхэлвэл тэнд өргөлт сайн байгааг төвөггүй анзаарч, хурдхан дөхөж очно.
Термалдах гэдэг нь аль болохоор хурдан дээшлэхийн төлөөх эрэл хайгуул шүү дээ. Тийм болохоор таны эргэн тойронд байгаа зүйлсийн дээшилж буй хурдыг харьцуулан харах хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн танаас илүү хурдтай дээшилж байвал 3600-ын эргэлтийн тойргоо зохицуулах замаар өргөлт сайтай агаарын урсгалд орж дээшлэхийг эрмэлзэх хэрэгтэй.
Халин нисэх
Эргэн тойронд чинь нисэж байгаа бусад нисгэгчдээ сайн ажиглаж, тэдний өндрийг өөрийнхтэйгээ харьцуулж хар. Тэмцээний үед бол секунд бүр үнэтэй байдаг учраас чи аль болохоор түрүүлж хариу үйлдэл хийх тусам сайн гэсэн үг. Хэн нэгэн өргөлт олчихыг би харах л юм бол тэднийг эргэлт хийж эхлэхээс ч өмнө би тийшээ зүглэн нисэж эхэлдэг.
Хэн нэгэн өргөлтөнд орж эхлэх нь гэдгийг яаж мэдэх вэ гэхээр, термалын эргэн тойрны сэгсрэлттэй орчинд нэвтрэн орох үед далавч нь бага зэрэг тонгойх, гэдийх хөдөлгөөн хийж эхэлдэг. Хэрэв бүлэг нисгэгчдийн ард нь нисэж байх тохиолдолд тэдний хөдөлгөөнийг өөр хооронд нь харьцуулан харах сайхан боломж нээгдэнэ. Хамгийн эхэнд нисэхгүй байх нь заримдаа их давуу талтай шүү.
Хярд халин нисэх
Ажиглалт хийх бол зөвхөн холын зайн нислэгийн үед хэрэгтэй байдаг чадвар биш. Та зөвхөн уулын хярд халин нисэж байлаа ч ажиглалт хийх нь чухал. Хяр дээгүүр нисэж буй нисгэгч бүр ямар үйлдэл хийж байгааг ажигласаар байх ёстой. Уулын хярд халих нислэг бол термалдахаас арай өөр зарчмаар явагдана. Хэрэв хэн нэгэн дээш өргөгдөж байвал хаана өргөлт авч байгааг нь мэдэж авах хэрэгтэй.
Бусад нисгэгчдийн стратегийг сайн анзаарч, юу нь болж байна, юу нь болохгүй байгааг хар. Хэрэв өргөлт нь сул байгаад бусад хүмүүс өндрөө алдаж эхэлвэл сүүлийн хагас цагийн дотор хаана хамгийн сайн өргөж байсныг санаснаарааа та илүү удаан нисэж чадна. Цаг агаар, нар, сүүдэр, салхи хэрхэн нөлөөлж байгааг бас анзаар.
Тэмцээн
Тэмцээнээс илүүтэйгээр таны ажиглах чадварыг сорьдог зүйл гэж үгүй. Хамгийн сайн нисгэгч нар харааны талбайдаа нисэж байгаа хүн бүрийг юу хийж байна, яагаад ингэж байна гэдгийг андахгүй мэддэг. Хэрэв хэн нэг нисгэгч сонин чиглэлд нисэж байхыг би харах юм бол ягаад гэсн асуултыг өөртөө шууд тавьна. Тэр юу харчихав? Шувуу юу? Зайтай нисэж буй өөр нисгэгч өргөгдөж эхэлсэн юм болов уу? Заримдаа, энэ нь хэрэв миний сайн мэддэг, шийдвэрт нь итгэж болох нисгэгч байх юм бол тэр юу бодож, төлөвлөснийг нь олж мэдэхээсээ ч өмнө би түүний араас дагаж магадгүй.
Бусад нисгэгчдийг ажиглах үедээ тэдний шийдвэр бас ямар үр дагаварт хүргэж болохыг үнэлж цэгнэхээ мартуузай. Тэдний төлөвлөгөө нь санасан ёсоор нь ажиллаж байна уу? Тийм бол, яагаад? Ялангуяа халин нисэх, эсвэл термал хайж байх үедээ хүзүүгээ нилээн сунгаад дээшээ, хойшоо харах хэрэгтэй болсон ч хамаагүй бусад нисгэгчдээс хараагаа бүү салгаарай.
Газардах
Хичнээн удаан, хичнээн сайн ниссэн ч бид газардах л болно. Тэр үед бид нислэгийнхээ хамгийн эрсдэлтэй мөчид тулж ирнэ гэсэн үг. Газарт ойртож байгаа тэр мөч. Газардах үедээ салхины хурд, чиглэлийг ажиглах нь кросскантри нислэг хийж буй нисгэгчийн маш сайн эзэмшвэл зохих ур чадвар юм.
Мэдээж хэрэг, салхины чиглэл, хурд заагч уут, далбаа зэрэг нь тусална, бас мод хаашаа найгаж байгааг ч бид анзаарч харна. Харин нуур, цөөрмийн усны толио салхины дээд талдаа бараг долгионгүй байдгийг, бас шувууд заавал салхи руу харж зогсдогийг та мэдэх үү? Яагаад гэвэл, салхинд өд сөд нь өрвийж сөрвийхөд тэд дургүй байдаг
Байнга ажигла, анзаар
Хэрэв та илүү сайн, нягт нямбай, аюулгүй нисэж сурахыг хүсэж байвал нүдээ нээгээд, эргэн тойрноо ажигласнаар их зүйл сурч чадна. Өөр юм бодоод, ямар ч зорилгогүй ийш тийшээ гөлрөх биш, харин ухамсартайгаар, байнга эргэн тойрноо ажиглан тандах зорилго өөртөө тавь.
Өөртөө ойр нисэж байгаа бусад нисгэгчдээ яг л шонхор шиг ажиглан хар. Хэрэв тэд хараанаас чинь гараад явчихвал яагаад тэгэв гэдгийг заавал бод, өөрөөсөө асуу. Харааны талбайг чинь хязгаарлах дуулга болон нарны шил бүү зүү, хамаг цагаа GPS/vario руугаа хамраа шургуулж бүү өнгөрөө.
Эцэст нь хэлэхэд, өөрт тохирсон, тав тухтай нисэж чаддаг далавчаараа хангалттай нислэгийн цаг хуримтлуул. Тэгсний дараа л та тайван байж, бусдыг ажиглахад ухаан санаагаа төвлөрүүлж чаддаг болно шүү дээ.