40 гаруй орны 90 гаруй төлөөлөгч оролцсон, 7 өдөр, 14 цагийн турш үргэлжилсэн салбар хороодын нээлттэй хурлууд болон нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн жилийн тайлан, ирэх жилүүдийн тэмцээн уралдааны төлөвлөгөө, төсөв санхүү, дүрэмд өөрчлөлт оруулах, тэмцээн зохион байгуулах эрх олгох, салбар хороодын удирдлагуудыг сонгох зэрэг 40 шахам асуудлыг хэлэлцэв.
Манай улсаас Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэгийн тэргүүн П. Болд, Нарийн бичгийн дарга Ч. Туул нар уг хуралд оролцсон нь Монголын параглайдингийн нисэгчид, тамирчид, дасгалжуулагч нарыг FAI-д төлөөлж, санаа бодлыг нь уламжлах, улсаа болон Нийгэмлэгээ таниулах ач холбогдолтой зүйл боллоо.
Өнөөгийн байдлаар манай тамирчдын голчлон хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож буй төрөл болох Цэг онолтын салбар хорооны нээлттэй хурлаар COVID-19 цар тахлын улмаас өнгөрсөн 2020 онд төлөвлөгдсөн 1-р категорийн тэмцээнүүд зарим нь (2021 оны ДАШТ-ийн өмнөх сорилго тэмцээн) цуцлагдаж, зарим нь (Ази болон Европ тивийн АШТ) 2022 он руу шилжсэн болохыг дурдаад, цөөн тооны 2-р категорийн тэмцээн хязгаарлагдмал хүрээг хамран явагдсаныг онцлов. Энэ жилийн хувьд Цэг онолтын төрлөөр ДАШТ (Кат. 1) 10-р сарын 7-16-ны өдрүүдэд Македоны Прилеп хотод зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байгаа бөгөөд 2-р категорийн хэд хэдэн тэмцээн календарт орсон байгаа боловч мөн л цар тахлын нөхцөл байдал, олон улсын аялалд тавигдах хориг зэргээс шалтгаалж цуцлагдах, эсвэл хязгаарлагдмал хүрээнд явагдах магадлалтай гэв. 2020 оны 12 сарын байдлаар WPRS буюу Дэлхийн нисэгчдийн чансааг (цэг онолтын төрлөөр) эрэмбэлэх системд 56 орны 2026 тамирчин байгаагийн 14.6% нь эмэгтэй, 5,3% нь насанд хүрээгүй тамирчид байна. Манай улсаас 13 тамирчин уг системд бүртгэлтэй байгаа бөгөөд 56 орноос 35-д эрэмбэлэгдэж, А. Батдаваа, Х. Ариунбат, П. Болд, Б. Болормаа нар оноогоороо улсаа төлөөлөн бичигдэж байна.
2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдсөн дараах улсууд эрхээ авлаа. Үүнд:
Параглайдингийн кросскантри төрлөөр ДАШТ Бразилийн Минас Жирайс
Параглайдингийн цэг онолтын төрлөөр ДАШТ Болгарын Сопот
Ханглайдингийн ДАШТ Испаний Ажер
Хэрэв COVID-19 цар тахлын улмаас 2021 оны ДАШТ цуцлагдахад хүрвэл уг тэмцээнүүдийг зохион байгуулах эрхийг өмнө нь авчихсан байсан улс орнуудад 2023 оны тэмцээнийг зохион байгуулах санал тавих бөгөөд тэд хүлээн зөвшөөрвөл дээрх эрхүүд цуцлагдах болохыг нэгдсэн хуралдаанд оролцогсод санал нэгтэй зөвшөөрөв.
Мөн CIVL-ийн удирдлагын шинэ бүрэлдхүүнийг дараах байдлаар сонгов. Үүнд:
Ерөнхийлөгч: Stephane Malbos
Дэд ерөнхийлөгч: Goran Dimikovski, Igor Erzen, Jamie Shelden, Zeljko Ovuka
Нарийн бичгийн дарга: Andy Cowley
Санхүүч нарийн бичгийн дарга: William Hughes
Ханглайдинг хорооны дарга: Jamie Shelden
Параглайдинг кросскантри хорооны дарга: Goran Dimikovski
Параглайдинг аккураси хорооны дарга: Martin Jovanovski
Параглайдинг аэробатик хорооны дарга: Claudio Cattaneo