Параглайдинг бол хөл дээрээс гараа үйлдэн чөлөөт нислэг хийх боломжтой хөнгөн жингийн нисэх төхөөрөмж буюу параглайдерыг амралт, чөлөөт цагаа өнгөрөөх болон тэмцээн уралдааны зорилгоор ашигладаг спортын төрөл юм.
Параглайдингийн спортоор олон янзын түвшинд хичээллэж болно. Уул толгодын оройгоос бэлд нь хүртэл гулсан буухдаа таашаал авах нэг хэсэг байхад зарим нь хярын салхинд өргүүлэн халин нисэхийг таашаах нь ч бий. Бүр хэдэн мянган метрийн өндөрт гарч, хэдэн зуун километрийн зайд нисэх нь ч бий. 2018 оны 1-р сарын байдлаар параглайдераар 564 км, ханглайдераар 764 км ниссэн дэлхийн дээд амжилтууд бүртгэгдсэн байна. Энэ бол ахиц дэвшил гаргаж болдог спорт бөгөөд үнэхээр насан туршдаа суралцаж, насан туршдаа хичээллэж болдог спортын төрөл юм.
Энэхүү гайхалтай спортыг ойроос мэдрэх боломжтой болж байна. Нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас зохион байгуулж буй “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээний үеэр "Скай Резорт" хоёрдугаар сарын 16-17-ны амралтын өдрүүдэд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд Параглайдингийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн болох юм. Та бүхэн манай сонирхолтой шинэлэг спортыг үзэж сонирхон, манай тамирчдыг дэмжээрэй.
Тэгвэл Параглайдингийн спортын тухай товчхон мэдээлэл хүргэе.
Параглайдингийн үүслийг мөн л Сэргэн мандалтын үед Леонардо да Винчигийн зурсан шүхрийн таталбар зургуудтай холбож үздэг. Дэлхийн 2-р дайны үед шүхрийг өөрчилж сайжруулах оролдлогууд хийгдэж байсантай ч холбодог. Анх НАСА-гийн сансрын капсулыг эх дэлхийд буулгах зориулалт бүхий далавчийг зохион бүтээж, тэр далавчаараа 60-аад оны дундуур АНУ-ын цанын баазууд дээрээс гараа үйлдэж байсан Дэйвид Баришыг магадгүй параглайдерыг үндэслэгч гэх байх.
Өнөөгийн бидний мэдэх параглайдерыг амралт, чөлөөт цагийг өнгөрөөх спортын төрөл болгосон нь 1978 онд Францын Мюси хотод эхэлжээ.1980-аад оны дундуур үйлдвэрлэгчид далавчны дизайнаа сайжруулж, халин нисэх боломжтой болгосноор Франц, Швейцарийн Альпад хурдацтай дэлгэрсэн ажээ. 1980-аад оны дунд үеэс төгсгөл хүртэл параглайдинг АНУ-ын олон газраар тархаж,1990-ээд онд хамгийн их түгсэн байна. Манай улсд ч анх 1996 онд нэвтэрч байжээ.
Хувь хүний сонголтоос хамааран далавч хэрэгсэл нь бүхэлдээ 11-22 кг буюу үүргэвчинд багтахуйц учраас параглайдинг дэлхий даяар асар их тархаж байна. Нисэхэд хэрэгтэй бүхий л хэрэгслээ үүргэвчиндээ хийгээд л онгоц, машинаар хүссэн газартаа очиж нисэх боломжийг параглайдинг олгодогоороо давуутай. Хөнгөн жинтэй далавч хэрэгсэл нь уулын орой руу алхаж гараад тэндээсээ нисэхэд тохиромжтой. Гэхдээ агаарын спортын аль ч төрлийн нэгэн адил параглайдинг цаг агаарын нөхцөл, нисэгчийн ур чадвар, төлөвшил, зөв шийдвэр гаргах чадвараас ихээхэн хамаарна. 12-80 настай хэн ч байсан энэ спортоор хичээллэх бүрэн боломжтой.
Манай Монголд 2013 оноос хойш эрчимтэй хөгжиж байна. Монголын ханглайдинг, параглайдингийн нийгэмлэгийн тамирчид (МХПН) 2018 онд гэхэд Тайландад болсон Ази-Далайн орнуудын Параглайдингийн цэгэн буултын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн, Казахстан болон Албани улсуудад Цэгэн буултын дэлхийн цомын тэмцээн, Индонезид Азийн наадамд цэгэн буулт болон холын зайн нислэг гэсэн 2 төрлөөр тус тус оролцоод байна.
Тус спортоор суралцахыг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд Монгол Параглайдинг Клуб болон манай туршлагатай нисэгчид анхан шатны сургалтыг заадаг.