САНДАРЧ ТЭВДЭХ ЦАГГҮЙ ҮЕД

Би Кевинтэй бүх зүйл түүний өнцгөөс хэрхэн буусныг ярилцахаар уулзав. Би тэр болсон явдлын туршид түүний сэтгэл зүйн байдал ямар байсныг, эцсээ хүртэл тэмцэхэд юу хэрэгтэйг мэдэж авахыг хүссэн юм. Бидний ихэнхийг амьдралын сонголтдоо эргэлзэхэд хүргэж болзошгүй үйл явдалтай тулгарсны дараа тэр тухайгаа эргэн дурсахдаа Кевин гайхалтай тайван байхыг би олж харав.

10 жил кросскантри амжилттай ниссэн, 8 жил акро хийсэн түүний хувьд параглайдингийн хувьсан өөрчлөгддөг шинж чанар нь тийм ч шинэ зүйл биш юм. Түүний олон жилийн бэлтгэл сургуулилт өөрт нь барьц алдахгүй, тайван байх боломжийг олгосон гэж тэр үздэг.

"Би Twisty Misty-г хийж байсан. Энэ нь техникийн хувьд хамгийн хэцүү маневруудын нэг биш" гэж Кевин хэлэв. "Энэ бол миний цээжээр мэддэг, маш тухтай хийж чаддаг маневр юм." Харамсалтай нь хувь тавилан бидний тав тухыг үргэлж анхаарч үздэггүй. "Хийж эхлэх үед миний гар ямар нэгэн байдлаар гацсан бөгөөд энэ нь намайг далавч руу чихэж орхисон." Салхи, хүчтэй термал нийлээд далавчийг нь түүн рүү үлээснээр Кевинийг стропондоо орооцолдоход хүргэжээ. "Би өмнө нь энэ маневрыг хийхдээ хэзээ ч далавчиндаа хүрч байгаагүй,  99%-д нь нисгэгчид үүнийг зүгээр л хийдэг" гэж тэр хэлэв. "Тэр нөхцөл байдлаас амархан гарчихаж чадна гэж би бодсон. Далавч маань бага зэрэг агаар амсаад, дахин сэргэнэ гэж итгэж байв." Тиймдээ ч тэр эхний нөөцийг шидэхээсээ өмнө багахан хүлээсэн.

Өмнө нь хэд хэдэн удаа нөөц шидэж байсан Кевин хэр сайн ажилладагийг нь мэднэ. Энэ туршлага, далавч хэрэгсэлдээ итгэх итгэл нь түүнийг ийм нөхцөлд самбаатай байлгаж чадсан байх. Эхнийх нь нээгдэхгүй болохоор хоёр дахийг нь шүүрч авсан. "Надад сандарч тэвдэх цаг байгаагүй гэж хэлж болно. Би зүгээр л үйлдэл хийж, шаардлагатай зүйлээ хийх хэрэгтэй байсан" гэж тэр хэлэв.

"Хоёр дахь нөөц шүхэр тэр дороо нээгдээгүй болохоор би бага зэрэг сандарсан ч тэмцсээр байсан" гэж тэр нэмж хэлэв. "Би айдас гэж юу байдгийг мэднэ, тиймээс яг тэр мөчид айдас төрөөгүй нь үнэхээр гайхмаар байсан."

Ойролцоогоор таван жилийн өмнө Кевин параглайдерын осолд орж, хоёр жил орчим завсарласан. Дахин нисэх тухай ярих нь битгий хэл, эхэндээ бүр хөл дээрээ босох эсэх нь ч эргэлзээтэй байлаа. "Сэтгэл зүйн асар том үйл явцыг даван туулах ёстой байсан. Итгэл найдвар, өөртөө итгэх итгэлээ алдсанаас болж маш их сэтгэл санааны гэмтэл авсан" гэж тэр хэлэв. Ослын дараа дахин нисч эхлэхдээ маш их айдсыг даван туулах хэрэгтэй юм байна гэдгийг тэрээр олж мэджээ. Тэр үед сэтгэл зүйтэйгээ маш сайн ажиллаж чадсан учраас саяхны тэр айхтар явдлаас болж удаан шаналаагүй бололтой.

“Барын зулзагыг бага дээр нь” гэдэг шиг тэрээр айдастайгаа шууд л нүүр тулахаар шийдэв. "Мэдээж эхний хоёр, гурван удаа би бага зэрэг сандарч байсан" гэж тэр хэлэв. "Харин нөгөө бүтэлгүйтсэн маневраа хийж чадсаны дараа бүх зүйл зүгээр, сайхан санагдсан." Тэр ч байтугай нөгөө далавчаараа ниссэн, гэхдээ мэдээжийн хэрэг, нарийн үзлэг хийсний дараа.

Тэгвэл хэдийгээр акро хийдэггүй ч бас заримдаа хүндхэн байдалд орж болзошгүй бидэнд Кевин ямар зөвлөгөө өгөх бол? "Тайван байхыг хичээгээрэй" гэж тэр хэлэв. "Нисэхтэй холбоотой бараг бүх асуудалд шийдэл байдаг." Тэрээр мөн мэдээлэлтэй байхыг зөвлөж байна. Нисэх явцад гарч болзошгүй асуудлууд болон тэдгээрийг засч залруулахад суралцах, тухайлбал SIV сургалтаар. "Хамгийн гол нь, юу болж магадгүйг мэдэж байх нь шүү дээ" гэж тэр тайлбарлав.

"Хэрэв ийм зүйл тохиолдвол ядаж юу хийж болохоо мэдэж байвал үйлдэл хийж чадна." Гэхдээ бидний хийх ёстой зүйл техникийн хувьд хэцүү биш ч гэсэн оюун санааны хувьд тайван байх нь хэцүү гэдгийг тэр хүлээн зөвшөөрдөг. "Гол зүйл бол та бууж өгөх ёсгүй. Хэзээ ч! Хийж дуусах хүртлээ" гэж тэр хэлэв. "Та асуудлыг засаж залруулах оролдлого заавал хийх хэрэгтэй."

Ялангуяа тэр ослын үед Кевин нэг, нэг алхмаар урагшилж, анхаарлаа сайн төвлөрүүлжээ. Хоёр дахь нөөц шүхэр задрахгүй байхаар нь хартал орооцолдсон байж, гар хүрэх зайд байсан тул шүүрч аваад сэгсэрч, дахин шидэхээсээ өмнө зад татсан байна. "Хоёр дахь нөөц шүхэр задрах үед би ийм нам өндөрт байсандаа үнэхээр их гайхсан" гэж тэр хэлэв. Тэрээр өндрийн талаар бус, нөөц шүхрээ хэрхэн задлах талаар л санаа зовж байсан нь тодорхой. Кевин энэ явдлаас гартаа өнгөц шалбархай авсныг эс тооцвол бүрэн бүтэн гарсан ажээ.

Cross Country сэтгүүлийн 2022 оны 234 дугаараас орчуулсан Ч. Туул