Уулын нуруу дагаж халин нисэх нь нислэгийн цаг багатай нисгэгчдийн хувьд нэн чухал сургалтын орчныг бүрдүүлж, термалдах нислэг шиг агаарын урсгалын сэгсрэлт донсолгоо байхгүй, термал “олно, эсвэл алдана” гэсэн асуудалгүйгээр нислэгийн цагаа ахиулах боломжийг олгодог. Харин 20 удаа дээш, доош ниссэний дараа өөр юу хийж болох вэ? Ур чадвараа хурдан ахиулахын тулд эндээс өөр сурах юм бий юу? Мэдээж, байлгүй яахав!
1. ДАЛАВЧ ТАНЫГ УУЛ ӨӨД ТАТВАЛ БҮҮ САНДАР
Салхи хяр өөд эгц үлээж байхад гараа үйлдэхдээ далавч руугаа багахан гүйж өгвөл хэтэрхий их хүч зарахгүй. Хойшоо зүтгээд, далавчтайгаа “ноцолдоод” байвал хүчээ дэмий барахаас гадна “тэсрэлттэй” гараа хийхэд хүргэнэ. Хажуугийн салхитай үед далавч таныг уулын уруу чирэхээс болгоомжилж далавчаа жишүү дэлгэвэл далавч таныг уулын өөд татаж, далавчаа хянахад тань амар байх болно. Далавчаа тогтоогоод бүх зүйл хэвийн эсэхийг шалгасны дараа салхины эгц өөд далавчаа чиглүүлэн гараа үйлдэнэ. (Хажуугийн салхитай үед гараа үйлдэх техникийн талаар нэмж уншаарай)
2. ӨРГӨЛТИЙН ДЭЭД ИРМЭГ ДЭЭР ХАЛИН НИС
Салхи ихтэй үед уулын хяртай хэт ойрхон нисэх хэрэггүй. Учир нь хярд ойрхон байх тусмаа агаарын урсгал сэгсрэлттэй байна гэсэн үг. Тэгэхээр салхи руу “хамраа шургуулах” төдий ороод өргөлтийн төгсгөл хүртэл “салхиа хөлөглөн” нис.
Өргөлтийн үелзлэлийн ирмэг хаана байгааг тогтоосныхоо дараа тэр үелзлэлийн гадна талд халин нисэж болно. Өөрөөр хэлбэл, Venturi effect буюу нурууны орой хэсэгт салхины хурд ихэсдэг, түүнээс аль болох хол нис. Ингэх нь танд 2 хувилбарыг бий болгоно. Нэгд, салхи ихсэх юм бол та speedbar дээрээ гишгэх хугацаатай байна. Мөн хөдөлгөөний эрх чөлөө ихтэй байх учир өргөлттэй хэсгүүдийг илүү олж илрүүлэх боломжтой.
3. ЭРГЭЛТ ХИЙХ ҮЕДЭЭ ЭРЧИЙГ ЗОХИЦУУЛЖ СУР
Нуруу дагаж халин нисэх нислэг нь эрчийг (energy) зохицуулж сурах хамгийн тохиромжтой үе. Эрчийг алдахгүйгээр эргэлт хийхийг оролдож үзээрэй, энэ нь термалдах үед маш хэрэгтэй чадвар байх болно. Эргэлт хийж байхад эргэлтээс гарахдаа хоёрдахь удаагийн савлалтыг хүчтэй болгохгүйн тулд хазайлтыг жолоогоор удирдсанаар савлалтыг маш зөөлөн болгох боломжтой. Тэгэхээр, эргэлт хийхээр жолоог дарлаа, нэг удаагийн савлалт мэдрэгдлээ, тэр эрчийг хянаж чадлаа. Ингээд л болоо. Эхэндээ сайн мэдрэгдэхгүй, харин бага багаар зөв хийгээд байвал илүү зөөлөн эргэлт болж буйг та мэдэрнэ.
4. ХАЗАЙХ БОЛОН ӨЛИЙХ/ШУМБАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАХ (PITCH CONTROL)
Жолоог бага зэрэг дарах замаар pitch control хийж болно. Далавч бага зэрэг шумбах, хазайх зэрэг хөдөлгөөнийг үүсгээд түүнийг засах, зөөлрүүлэх чадварууд нь цаашид маш их хэрэг болох учраас халин нислэг хийх боломжийн нөхцөл үүссэн үед буюу далавчаа удирдахад тань саад болохооргүй тийм нөхцөлд сурч, хэвшүүлж болох зүйл юм.
5. БАГА ТОЙРОГТОЙ ЭРГЭЛТ ХИЙХ ЧАДВАРАА САЙЖРУУЛ
Дасгал хийж болох өөр нэг зүйл бол эхлээд биеийн жинг шилжүүлэн жижиг эргэлт хийх явдал юм. Эргэж эхлэхийн тулд жингээ багахан шилжүүлж, 2 секундын дараа жолоог бага зэрэг дарах хэрэгтэй. Таны параглайдер эхний 1800-ийн дараа жаахан тэгшрэх хандлагатай болно, энэ үед хэрэв та жингээ тэр чигт нь барьвал үнэхээр сайхан эргэлт болно. Түүгээр тоглож, эргэлтээс гарч, тэгшрэхдээ жигдхэн шилжиж, энэ бүхий л хугацаанд далавчаа жигд тогтвортой байлгахын төлөө ажиллаж чадваас том хэмжээний хазайлт, өлийлт/шумбалт үүсэхгүй.
360 хэмийн эргэлт хийгээд, тэгширсний дараа чиглэлээ хадгалахыг оролдоорой. Тэнгэрийн хаяанд байгаа нэг цэгийг олж, яг тэр цэг рүүгээ чиглэн галт тэргээр явж байна гэж төсөөл. Энэхүү нарийн удирдлагыг хөгжүүлэх нь таны термалдах чадварыг сайжруулдаг.
6. ЖОЛООГ БАРИХ БАРИЛАА АНЗААР
Та параглайдераа удирдаж байхдаа гараа riser-аас урагш чиглэлтэй дарахгүй байхыг хичээгээрэй. Энэ бол нийтлэг алдаа юм. Урагш дарах үед та жолооны line-ийг арын line-тай үрэлцэх нөхцөл үүсгэх боломжтой. Та урагш дарах замаар биеэ тогтворжуулахыг хичээж, өөрийгөө суудал руугаа түлхэж байна. Та суудлаа илүү сайн тохируулах юм бол үүнийг хийх шаардлагагүй болно. Удирдлагын илүү сайн байрлал бол riser-ийн шугам дагуу шууд доош чиглэлтэй дарах явдал юм.
7. 360 ЭРГЭЛТҮҮДЭЭ ДАВТ (ГЭХДЭЭ ӨНДӨРТ!)
Хэрэв та хяраас хангалттай зайтай байгаа бол зөөлөн 3600 эргэлт хийх дасгал хийж болно. Гэхдээ уулын хярд халин нисэх үедээ үүнийг маш болгоомжтой хийж байгаарай, учир нь салхины уруу эргэх үед уулын хяр руу хурдтай ойртох болно. Тиймээс зөвхөн та хангалттай өндөрт, хяраас хангалттай зайд байх үедээ л хийгээрэй. Гэхдээ энэ нь таны орон зайн мэдрэмж, салхины шилжилтийг шүүн тунгаах чадварыг хөгжүүлж, аюулгүй нисэхэд чухал ур чадварыг хөгжүүлдэг. “Салхины уруу” гэдэг чөтгөрөөс болгоомжил!
8. САЛХИНЫ ӨӨДӨӨС ДАВШИХДАА ӨРГӨЛТИЙН ШУГАМЫГ АШИГЛА
Халин нислэг хийх нөхцөлд бага зэрэг термал үүссэн байх үед салхины өөдөөс эргэ. Ингэснээр та өргөлтийн хөнгөн шугамуудыг дагаж, термалын жинхэнэ цөмийг олж чадна. Таны дээшлэх хурд ихсэж байх үед шинэхэн ур чадвараа ашиглан эргэлт хийж, тогтвортой дээшлэх боломжийг ашигла!
9. УУЛЫН НУГАЧААНЫ САЛХИ ИХТЭЙ ХЭСГЭЭС ЗАЙЛСХИЙ
Ямар ч төрлийн хонхор хотгор, аяга хэлбэртэй гадаргуу дээгүүр халин нисэхдээ салхи нарийн хоолойгоор орж хурдасдаг хонхорын хамгийн арын хэсэг рүү бүү нис. Тухайн газар руу шахагдах аливаа термал нь салхины хүчийг нэмэгдүүлж, хэтэрхий ташуулдсан байх тул та аюулгүй дээшлэх боломжгүй болно. Хэрэв та эдгээр газруудын урдуур, эсвэл цухуйсан нурууны дагуу нисэх юм бол ашиглаж болох термалыг олох магадлал илүү өндөр болно.
10. ХӨГЖИЛД!
Хамгийн хурдан өсч хөгждөг нисгэгчид бол далавчаараа тоглодог хүмүүс. Газар дээр шороо тоостой хутгалдаж, бутнууд шүргэн алдан нисч, уулан дээр газардах (toplanding) дадлага хийж, speedbar жийж, дээшээ доошоо нисч үзэж г.м. Тэнгэр бол асар том тоглоомын талбай бөгөөд та тэнд тоглох тусам ур чадвараа хөгжүүлж, аюулгүй байдлын хүрээгээ тэлэх болно.
Flybubble.com сайтаас орчуулсан Ч. Туул