ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН ТОВ ГАРЛАА

Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэгээс энэ оны 4-р сард баталсан "Параглайдерын нисгэгчийн түвшин тогтоох, үнэмлэх олгох журам"-ын дагуу Монгол Улсын агаарын орон зайд чөлөөт нислэг үйлдэх нисгэгч бүрээс ур чадварын түвшингээ тодорхойлуулж, түүнийгээ баталгаажуулсан үнэмлэхтэй байхыг шаардах болж байгаа билээ. 

Уг журмыг хэрэгжүүлэх ажил өнгөрсөн сараас эхлэн хийгдэж байгаа бөгөөд эхний ээлжинд Р1-эхлэн суралцагч, Р2-шинэ нисгэгч нарт өөрийнх нь хүсэлт, харьяалагдаж буй клубийнх нь удирдлага болон сургагч багш нарын тодорхойлолт, шалгалтын дүнг үндэслэн үнэмлэх олгож эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 20 гаруй нисгэгч шинэчилсэн загварын үнэмлэх авсан байна.

Журамд заасны дагуу Р3 -дунд шат болон түүнээс дээш ахисан шатны нисгэгч нарт үнэмлэхийг шинээр болон шинэчлэн олгохдоо онолын шалгалт авах, ур чадварын үнэлгээ хийх, нислэгийн бүртгэлийг шалгах зэргээр Түвшин тогтоох үнэлгээний системд заасан шаардлагуудыг хангасан эсэхийг магадлан үзсэний үндсэн дээр олгоно. Үүний дагуу энэ сард онолын шалгалт 2 удаа, ур чадварын шалгалтыг мөн 2 удаа зохион байгуулахаар МХПН-ийн Удирдах зөвлөл тов тогтоолоо. Үүнд:

1. Онолын шалгалт (P3 ба Р4 хамт) хоёр удаа зохион байгуулагдана. Нисгэгч нар боломжтой өдрөө сонгоод аль нэгэнд нь очиж шалгалтаа өгч болно. 

  • 5-р сарын 21-ний Бямба гараг, 18:00-20:00 цагт Зайсан, Peak Residence, 2 давхар 
  • 5-р сарын 24-ний Даваа гараг, 19:00-21:00 цагт Бөхийн өргөөний баруун талд Эрхэт оффис, 901 тоот

2. Ур чадварын шалгалт  (P3 ба Р4 хамт) 5-р сарын 28, 29-ний Бямба, Ням гарагт, Баянзүрх хайрханд явагдана. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өдөр өөрчлөгдөх магадлалтай. 

Онолын болон ур чадварын шалгалтыг МХПН-ээс томилсон 5 хүний бүрэлдхүүнтэй шалгалтын комисс зохион байгуулна. Мөн клубүүдээс ажиглагчдыг байлцуулах нь нээлттэй. 

Жич: Шинэ үнэмлэх нь тухайн нисгэгчийн хувийн болон ур чадварын түвшинг харуулсан мэдээллийг агуулахаас гадна дахин давтагдашгүй QR кодтой учир хуурамчаар үйлдэх, дамжуулан ашиглах боломжгүй. 

МХПН-ийн Удирдах зөвлөл