СЭТГЭЛ ЗҮЙ, БИЕ БЯЛДРЫН БЭЛТГЭЛ ЗААВАЛ ТУСТАЙ

Хүсэл зорилго чинь юу байгаагаас (тэмцээн, кросскантри нислэг, эсвэл зүгээр л оройн цагаар орон нутагтаа нисэх) үл хамааран бэлтгэлээ сайн хангасан байх нь буцаад тэнгэрт өнгөрүүлэх мөч бүрээ үр дүнтэй байлгахад тань тусална.

1. ХҮРЧ БОЛОХУЙЦ ЗОРИЛТ ТАВЬ

Нислэгийн шинэ улиралд нисгэгчийнхээ хувиар хүрэхийг зорьж буй зүйлээ бичиж тэмдэглэн, улирлынхаа, нислэг бүрийнхээ зорилтыг тодорхойл. Урт хугацааны зорилгоо зөв тодорхойлж, түүнийгээ чанд мөрдөх нь таны хувьд давж болохуйц эрсдлийн хязгаарыг тогтоож өгдөг.     

Хэрэв таны зорилго “юу ч болсон хамаагүй, хамаг байдгаараа зүтгээд л байя” гэж байгаа бол та магадгүй “аймаар лаг” шинэ далавчаараа, газардах талбай багатай газар ч хамаагүй, эцэж унатлаа нисээд л байя гэж бодож байгаа байх. Энэ шийдвэр ухаалаг байх эсэх нь хамаагүй, гэхдээ мэдээж эрсдэл дагуулж болно гэдгийг тооцоолсон байх.

Миний өөрийн зорилго бол “аль болохоор олон жил нисэх, ингэхдээ энэ аяныхаа алхам бүрээс таашаал хүртэх, аль ч алхмыг нь алгасаж гарахгүй, харин бага багаар ахиц гаргах” юм. Энэ нь бусад нисгэгчидтэй харьцуулбал намайг эрсдэл хийх дургүй мэт харагдуулдаг байх.  

Би одоо нислэгийн шинэ улирлаа Phantom, Mentor 5, Mentor 6 гэх мэт сонгодог хэдэн далавчтайгаа эхлүүлж байна. Харин найз нар маань шинэ Enzo, Boom, Zeno далавчуудтай. Би хэт яарахгүй байгаа учир урт нислэг хийх өдөр тохиосон ч хэрэв миний хувьд “хэрэг бишдэж” эхэлвэл бусдаас түрүүнд газардах л байх.      

Тэгэхээр миний хэтийн зорилго бол улсынхаа нээлттэй тэмцээнд эхний 5-д орох байж болох юм. Бага багаар ахина гэдэг “жижиг мөрөөднө” гэсэн үг бас биш.

Өнгөрсөн жил би нэг зүйлийг анзаарсан юм. Юу гэхээр, би өөртөө ямар нэгэн зорилт тавиагүй өдрөө хичнээн сайхан кросскантри хийх нөхцөл бүрдсэн байлаа ч олигтой хол нисэж чаддаггүй байв. Яахав, хүрнэ гэж бодож байсан цэгтээ хүрмэгц тэр дорхноо л термалаас сугараад гарчихдаг байв. Заримдаа өөрийн хүслээр, ихэнхдээ зүгээр л унаж буй мэт доошилчихдог. Харин өвлийн турш би зүгээр суусангүй, Oudie (навигацийн төхөөрөмж) дээрээ баахан нислэгийн маршрут, дайран өнгөрөх цэгүүд татаж аваад, өөртөө тодорхой зорилго тавив. Мэдээж хэрэг, нисэх явцдаа өөрчилж болохуйц уян хатан зорилго байна шүү дээ.

Мэдээж хүн бүр хэдэн зуун километр нисэх зорилго тавихгүй, гэхдээ бага ч атугай зорилт тавих нь биднийг хурцалж, түүндээ хүрэх эрмэлзлийг төрүүлдэг. Зарим нь “төгс сайн гараа хийж, чих тавихыг туршаад, цэгт газардана” гэсэн ч байж болно шүү дээ. Гагцхүү хүрч болохуйц, хийж чадахуйц, гэхдээ хүрэхийн төлөө нилээд шаргуу ажиллах хэрэгтэй тийм зорилго тавь. Ингэснээр аюулгүй арга замаар зорилгодоо хүрэх, түүнээсээ таашаал хүртэх боломжтой болно.  

2. ИДЭВХТЭЙ БАЙ, “ФОРМОО” БҮҮ АЛД

“Эр хүн зовох тусмаа хатуужиж, эрдэнийн чулуу зүлгэх тусам гялалзана” гэдэг билүү? Хэтэрхий уянгалж байж магадгүй, хэхэ. Гэхдээ үнэний хувьтай шүү. Сэтгэл засалчийн хувиар миний ажлын нэг гол хэсэг бол осолд орж, гэмтэл бэртэл авсан нисгэгчдэд буцаж ирэхэд нь туслах явдал байдаг. Ингэхдээ шууд нисгэх бус, өөр бусад бие бялдрын дасгалаас эхэлдэг бөгөөд энэ нь ч олон давуу талыг бий болгодог.    

Айдас, түгшүүр зэрэг мэдрэмжүүд бие махбодтой тийм ч шууд хамааралтай биш.  Далавчаа нурахыг харахад ухамсрын гэхээсээ илүүтэй юун түрүүнд бие махбодын хариу үйлдэл автоматаар үзүүлдэг шүү дээ. Булчин чангарах, цусны даралт ихсэх, амьсгал давхцах гэх мэт.  Тэгээд тархинд дохио хүрч, “за биеэ чангалаад байна гэдэг чинь би стресстэй байна гэсэн үг” гэж бодоход хүргэдэг.     

Тэгэхээр бие махбод чинь юу мэдэрч байгааг таньж, удирдаж сурснаар, хамгийн түрүүнд зөв амьсгалснаар та сэтгэл зүйн хувьд илүү сайн бэлтгэлтэй болно. Зөвхөн урт нислэгт ч биш, агаарт тохиолдож болох гэнэтийн зүйлст бэлэн байх болно.  

Аливаа стресстэй, таагүй нөхцөлд орлоо гэхэд бие махбод болоод тархиа зөв ажиллуулж, зөв хариу үйлдэл хийж сургахын тулд ууланд дугуй унах, эсвэл ууланд авирах зэргээр эрсдлийг даван туулахад тархи, бие махбодыг дасгалжуулах нь 9 м/сек термалын ирмэгт тулж очоод яах вэ гэдэгт бэлдэж байнаа л гэсэн үг.    

3. ДАЛАВЧ ХЭРЭГСЛЭЭ БАЙНГА ШАЛГАЖ, БЭЛЭН БАЙДАЛД БАЙЛГА

Далавчаа байнга шалгаж, засаж сэлбэх нь заавал хийх ёстой, мэдээжийн зүйл шиг сонсогдох байх л даа. Гэхдээ л улиг болтол давтаж байхад илүүдэхгүй. Учир нь далавчаа шалгаагүй, строп нь тасарсныг мэдээгүй байж байгаад эрсдэлд орж байсан олон тохиолдлыг би харсан. Би NOVA багийн нисгэгч болохоороо ч тэгж байгаа юм биш, гэхдээ NOVA-д аливаа асуудлаар хандахад шуурхай хариулт өгдөг, ил тод мэдээлдэг, бүхэнд чин стэгэлээсээ ханддаг нь байнга харагддаг. Нислэгийн улирал эхлэхээс хамаагүй өмнө далавчинд маань үзлэг, засвар үйлчилгээ хийж, жин тан болгоод өгдөг учраас надад санаа зовох pүйл гардаггүй юм.   

Бусад хэрэгслээ ч сайн шалгаж бай. Нөөц шүхрээ зөв эвхэгдсэн эсэхийг, техник хэрэгслүүд чинь ажиллаж байгаа эсэхийг, өвөлжингөө ичээнд байсан станц чинь цэнэг авч байгаа эсэхийг заавал шалга. Бүх зүйлээ шалгаж, бэлэн болгоход хугас өдөр л шаардагдах байх, харин хүсэн хүлээсэн “том өдөр” чинь ирэхэд та бэлтгэлтэй байсандаа үнэхээр баярлах бий вий.

Antti Joensuu нь сэтгэл засалч, авирагч, Финляндад амьдардаг, NOVA багийн нисгэгч бөгөөд EN B+ далавчаар нисдэг.

Cross Country сэтгүүлийн "In the Core" онлайн хуудсаас орчуулсан Ч. Туул