THEO DE BLIC: ХЭРХЭН АЮУЛГҮЙ НИСЭХ ВЭ?

Хүмүүс намайг адреналин ялгаруулдаг бүхэнд “донтогч” гэж боддог байх. Гэтэл би харин ч эсрэгээрээ юманд маш нухацтай, анализ дүгнэлттэй ханддаг бөгөөд нисэж байхад учирч болох бүх эрсдлийг хамгийн бага байлгахыг хичээдэг. Мэдээж огт эрсдэлгүй байна гэж юу байхав, гэхдээ би аюулгүй нисэхийг үнэхээр их хичээдэг. Бас энэ тухай өөрийн заадаг SIV болон акро сургалтуудаараа болон Youtube сувгаараа аль болох олон хүнд хүргэж байдаг.

Аюулгүй нисэхийн тулд та бүхний хийх ёстой хамгийн чухал 10 зүйлийг энд хэлье. Үүнд:

1. Таны залхтал сонссон тэр зүйлээс эхэлье. Юун тухай гэдгийг та аль хэдийн таамагласан байх. Энэ бол газрын бэлтгэл болон гараа үйлдэх ур чадвар. Францын параглайдингийн холбооны судалгаагаар (хөнгөнөөс хүнд хүртэлх бэртэлтэй) нийт ослын 50% нь гараан дээр болдог байна. Тиймээс аюулгүй нисэхийг хүсэж л байвал таны эхлээд хийх зүйл чинь энэ байна. Далавчаа босгоод, хүссэнээрээ удирдаад, хэзээ бэлэн болсон цагтаа гараа хийж чадах хүртлээ газрын бэлтгэлээ хий.

2. Хэрэв нэг л биш санагдаад байвал битгий нис. Нислэгийн байршил руу явж байхдаа өнөөдөр заавал ниснэ гэж бүү бод. Харин түүний оронд “Өнөөдөр нөхцөл байдал сайн байвал би ниснэ” гэж бод. Энэ бол маш том ялгаа шүү. Өөрийнхөө хийж чадах зүйлийн хязгаарыг үргэлж мэдэж, “өнөөдөр миний өдөр биш байна, би доошоо машинаар/алхаад буулаа” гэж хэлж чаддаг бай. Бусдын/бүлгийн аясыг дагахаас зайлсхий. Бусад хүмүүс бүгд нисээд байхад би ч нисэх ёстой гэж болохгүй. Энэ бол багийн спорт биш.

3. Тохирсон далавчаар нис. En-B далавч аваад жил болчихлоо гээд En-C рүү шууд шилжиж болно гэсэн үг биш. Хэдэн жил нисэх нь хамаагүй, хэдэн цаг хэр давтамжтай ниссэн, өөртөө итгэх итгэл хэр байна гэдэг л чухал. Дахиад Францын параглайдингийн холбооны судалгааг харвал, нислэгийн үед гарсан ослуудын ихэнх нь далавч нурахад нисгэгч далавчаа зөв удирдаж чадаагүйгээс болсон байдаг. Өөрийнхөө түвшинд тохирсон, нислэгт тэнцэх чанар нь сайн хэвээр байгаа далавчаар нисэх нь таны амь нас, эрүүл мэндийг хамгаална.

4. Далавчаа шинэчилсэн бол НИС. Өмнөх далавчаараа зөндөө нисдэг байснаа далавчны ангиллаа ахиулчихаад яагаад ч юм тийм их нисэхээ больчихдог хүмүүсийг би олонтаа харсан. Далавчны ангиллаа ахиулах гэж байгаа бол үнэхээр цаг зав гаргаад нисэж чадах тийм үедээ ахиулах хэрэгтэй. Өвөл болохын өмнө, эсвэл зав муутай болж магадгүй шинэ ажилд орох гэж байгаа бол далавчаа бүү соль. Нислэгтээ хангалттай цаг зав гаргаж чадахаар байгаа тийм үедээ далавчаа соль. Шинэ далавчныхаа ид шидийг үзэхэд ур чадвар тань ид шинээрээ байх хэрэгтэй. Тэрнээс биш хэсэг завсарласны дараа шинэ ангиллын далавчаар нисэж эхэлж болохгүй.

5. Хэзээ, хаана байгаагаас чинь шалтгаалаад кросскантри нислэг хийх тааламжтай нөхцөл тийм ойр ойрхон бүрдэхгүй байж болно. Тэглээ гээд нисэхгүй байгаад байвал та улам л хурдан “зэвэрнэ” шүү дээ. Тийм болохоор зөвхөн “оройгоос бэл” хүртэлх нислэг байлаа ч гэсэн нисээд л бай. Ингэснээр гараа хийх, газардах чадваруудаа сайжруулсаар байх төдийгүй агаарт ч “ганц хоёр” юм хийж сурсаар л байна шүү дээ.

6. Нисэх үндсэн чадваруудыг байнга давт. SIV сургалт зааж байхдаа далавчийг удирдах хамгийн энгийн үйлдлүүд буюу далавч тонгойх/гэдийхийг хянах, баруун/зүүн тийш хазайх, эргэлдэх хөдөлгөөнийг буцаах, эсвэл бага зэргийн савлахыг засах гэх мэтийг хийж чадахгүй суралцагсадтай зөндөө таарч байв. Эдгээр жижиг гэлтгүй дасгалууд нь бидний бодит нислэгт байнга тохиолдож байдаг учраас маш чухал ач холбогдолтой юм. Хэрэв эдгээрийг сайн хийж чаддаг болчихвол далавчаа маш сайн хянаж чадна гэсэн үг. Бод л доо: хэрэв та машин бариад замын хөдөлгөөнд оролцож байтал бусад жолооч нар шулуун замд аюулгүй явж байснаа эргэх болонгуут л хяналтаа алдаад эхэлбэл танд хэр аюулгүй санагдах бол?

7. SIV сургалт бол үнэхээр чухал алхам. SIV сургалтын үеэр та далавч тань нурах үедээ ямархуу “зан ааш” гаргадгийг, яаж эргэж сэргэдгийг олж харах бөгөөд авто эргэлдэх хөдөлгөөнд орсон үед юу хийх ёстойг сурна. SIV сургалтын зорилго нь зүгээр л таныг усан дээр нэг сайн айлгаад авна гэсэн үг биш, харин хэрэг бишидлээ гэхэд яг юу болоод байна, аль мөчид ямар үйлдэл хийвэл зөв болох вэ гэдгийг л танд харуулах гэсэн хэрэг. Заримдаа та ямар ч үйлдэл хийх хэрэггүй ч байж болно. Гэхдээ тэр нь ямар үед вэ гэдгийг та мэдэж байх хэрэгтэй.

8. Нисдэг байршилдаа дүн шинжилгээ сайн хий. Заримдаа ямар ч өндөр түвшний нисгэгч байлаа гээд нөхцөл байдал тааламжгүй байх үе бий. Би бол “газар дээр нь очиж харах”-аасаа илүүтэй дүн шинжилгээ хийх замаар нисэх, нисэхгүй шийдвэрээ гаргахыг хичээдэг. Яагаад гэвэл, тухайн өдөр тухайн байршилд нөөлөг хэтэрхий хүчтэй байж болохыг, эсвэл тандем далавчийг газарт удирдахад хэтэрхий эрсдэлтэй байж болохыг би таамаглаж чадах учраас бусдыг дагаж “намиралгүй”, эргэн тойрондоо дүн шинжилгээ хийхийг урьтал болгодог.

9. Бүх ослын 50% нь гараан дээр болдог бол үлдсэн 50% нь газардахад болдог. Үнэн хэрэгтээ, нийт ослын зөвхөн 8% нь л нисэж байхад болдог гэсэн тоо бий. Газардах үедээ зөв суулт хийх тухайд олонх нисгэгч нар ер боддоггүй. Ямар нэгэн төлөвлөгөөгүй, зүгээр өндрөө алдаад л, зөв байх гэж бодсоноороо л суулт хийгээд ороод ирдэг. Заавал төлөвлөгөө (мэдээж уян хатан) хий, гэхдээ суулт хийж байх үедээ биш, хийж эхлэхээсээ өмнө. Тэгээд газардахад бэлдээд заавал суудлаасаа бос. Хэрэв газарт ойртсон үед гэнэт донсолгоо таарвал, эсвэл далавч нурвал та босоо байснаар уналтыг хөлөөрөө зөөллөж болно.

10. Аврах шүхэр байгаа гэдгийг бүү март. Аврах шүхэр бол таны эцсийн боломж биш, зүгээр л таны сайн мэдэж байх ёстой, ашиглаж болох нэг боломж. Хамгийн гол нь та шинэхэн авсан En-C далавчныхаа гулсалтын харьцаа, үүрний тоо зэргийг цээжээрээ мэддэг шигээ аврах шүхрээ ч мөн нэгд нэгэнгүй мэддэг байх ёстой. Хэзээ, яаж хэрэглэхээ мэддэг байх ёстой биз дээ. Ганцхан зүйлийг л ЗААВАЛ санаж явах хэрэгтэй гэвэл тэр нь энэ л байна даа.

Жич: Theo de Blic-ийн фэйсбүүк хуудас (https://www.facebook.com/theo.deblic.75), Youtube сувгийг дагаж илүү их мэдээлэл аваарай.

Cross Country сэтгүүлийн 2022 оны №227 дугаараас орчуулсан Ч. Туул