“Ахисан шатны далавч бүрэн хурд авсан үедээ дунд шатны далавчаас нислэгийн хурдаар ч, салхи зүсэлтээр ч илт давуу байх бөгөөд агаарын тухай илүү их мэдээллийг нисгэгчид өгдөг” гэж Bastienne Wentzel хэлж байна.
Гэтэл ахисан шатны далавчны тухай ярина гэдэг бол бүр шал өөр хоёр төрлийн далавчны тухай ярих болдог. Нэг талаас, сонгодог EN-C болон EN-D ангиллын далавчууд байна. Ихэнх нь A, B, C гэсэн 3 line бүхий жолооны систем, урт-өргөний харьцаа нь 6-7 хооронд, 100-аас цөөн cell буюу үүртэй.
Харин 2 line бүхий EN D, CCC далавчууд бол D ангиллаас ч гадуур байхаар мөртлөө тэмцээний далавч гэж гэрчилгээжсэн байдаг. Two-liner гэж нэрлэгддэг эдгээр далавч нь их биен дээрээ зөвхөн хоёр эгнээ строптой, тэдгээрийг A, B гэсэн 2 riser-т багцалсан байна. Энэхүү энгийн мэт ялгаа нь л далавчны үзүүлэлтийг маш өөр болгодог бөгөөд урт-өргөний харьцаа нь 8 хүртэл, үүрний тоо 100-аас ч давсан байдаг.
ТЭМЦЭЭНИЙ СОНГОДОГ ДАЛАВЧУУД: EN-C ба EN-D
Эхлээд “спортын”, эсвэл “гүйцэтгэл сайтай” гэж нэрлэгддэг “ердийн” ахисан шатны далавчуудыг харъя. Ихэнх EN C далавч бол High B далавчнаас алгуур дээшлэх шат бөгөөд үүний нэгэн адил EN C-ээс EN-D рүү аажуухан шилжиж болох юм.
Энэ ангиллын далавчийг голдуу кросскантри нислэгт ашиглах учраас нисгэгчийн тав тух их чухал байдаг. Skywalk Paragliders-ын хэлтсийн дарга Arne Wehrlin хэлэхдээ: “Мэдээж хэрэг, ахисан шатны далавчууд урт-өргөний харьцаа өндөртэй учир гүйцэтгэл, хурд сайтай, илүү гулсалттай байдаг. Хажуугаас харагдах хэлбэр нь их өөр, доторх бүтэц нь илүү нарийн төвөгтэй, гадаргууг гөлчгөр болгохын тулд илүү олон тооны цагираг оруулсан байдаг. Гол нь урт нислэгт зориулагдсан учир тоормосны даралт бага, speed bar-тай нисэхэд хялбар болгосон байдаг” гэв.
Triple Seven-ий дизайнер Aljaž Valič “Далавчны хэлбэр өөгүй толигор байх нь их чухал. Үүнийг илүү үүр нэмэх, оёдлыг цөөлөх, дотоод бүтцийг оновчтой болгох, бас үйлдвэрлэх процессыг сайжруулах замаар хийдэг. Мэдээж, нарийн төвөгтэй бүтэцтэй байна гэдэг оёход илүү хэцүү, тиймээс ч илүү үнэтэй болдог. Туршлага хуримтлуулахын хэрээр бид үйлдвэрлэлийн явцыг сайжруулж байна. Ингэснээр хэлбэр ч сайжирч байгаа. Өө сэвгүй гадаргуу нэн чухал. Далавч удирдахад амар, тоормос шулуун бөгөөд үр дүнтэй ажиллана. Энэ нь ямар ч далавчийг удирдлага сайтай болгодог” гэж тайлбарлав.
ШУДАРГА БАЙ. “БИ ЯАГААД АХИСАН ШАТНЫ ДАЛАВЧААР НИСЭХИЙГ ХҮСЭЖ БАЙНА ВЭ?” ГЭЖ ӨӨРӨӨСӨӨ АСУУ.
Та хэзээ дунд шатны итгэлт далавчаа орхиж, ахисан шатны далавч руу шилжих тухай бодож эхлэв? Ихэнх экспертүүд хэлэхдээ, тэр цаг нь ихэнх нисгэгчдийн хувьд арай л эрт байдаг гэнэ. Олон нисгэгчид өөрийн түвшнээсээ арай дээгүүр далавчаар нисэх гээд байдаг.
Ерөнхийдөө, ахисан шатны далавчууд илүү хурдтай, гулсалттай байхаас гадна агаарын тухай илүү их мэдээллийг нисгэгчид дамжуулж байдаг. Мэдээж тэр мэдээллийг ойлгож, ашиглаж чадаж байвал тун сайн хэрэг. Харин тэгж чадахгүй бол тав тухгүй мэдрэмж л өгнө.
Арай доод ангиллын далавчаараа нисчихдэг байсан нөхцөлд нисэхээс татгалзсаар нөгөө шинэ “уралдааны машин”-аараа илүү удаан, илүү хол нисэхийн оронд бүр бага нисдэг болчих вий. Гэхдээ та бэлэн болсон бол нэг шат ахиулах нь таны ур чадварыг сайжруулах нь мэдээж.
Aljaž хэлэхдээ: “Урт-өргөний харьцаа өндөр, далавчны хэлбэр нарийхан байх тусмаа танд илүү сайхан мэдрэмж өгч, термалыг илүү сайн “үнэрлэж” чадна. Эдгээрийг гэрчилгээнээс олж харах боломжгүй. Гэхдээ энийг яаж мэдрэхээ мэдэхгүй бол та арай илүү гулсалт, арай илүү хурдаас өөр зүйлийг олж харахгүй л болов уу”.
Яагаад шат ахихыг хүсэж байгаагаа өөрөөсөө асуухыг зөвлөе. Хичнээн чардайгаад ч дунд шатны далавчаараа тэр нэг нурууг давчихаж чадахгүй байна уу? Гэтэл арай өндөр ангиллын далавчтай нөхөд чинь даваад байдаг. Та ч гэсэн давж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа бол магадгүй шат ахиулах цаг болсон байж мэднэ.
Шилдэг кросскантри нисгэгч-тамирчин Seb Ospina яагаад шат ахиж болохгүй талаар бидэнд ярив. Тэрээр их залуу ч ур чадвар маш сайтай, тогтмол нисдэг байсан учраас их хурдан ахиж, Advance Omega 7, Airwave Magic FR 2 болон Axis Mercury гэх мэт далавчуудаар 17, 18-тай байхдаа л нисэж эхэлсэн. Тэр хэлэхдээ: “Би тэгэх хэрэггүй байсан юм байна лээ. Тэд надад арай л ахадсан учраас би ур чадвартаа ахиц гаргаж чадалгүй нэг бүтэн жил алдсан байдаг” гэв.
Хэдэн жилийн дараа тэр анхныхаа 2 line-тай далавчаар (Enzo) нисэж, анх удаа бүрэн нуралтад орсон байна. “Тэр ч гэсэн зөв ахиц болж чадаагүй. Одоо би нислэгийн хангалттай цагтай, бас 2 line далавчаараа SIV сургалт хийчихсэн учраас энүүгээрээ л нисэж байна даа” гэж тэрээр нэмж хэлэв.
2 line-тай далавч руу шилжих тухайд Seb ямар зөвлөгөө өгөх бол? “Өөрийн далавчныхаа хамаг л “шүүсийг шахаж” үнэхээр чадсан бол жилд дор хаяж 100 цаг нисэж, SIV сургалт хийж, олон өөр нөхцөлд нисэж үзсэн байх ёстой. Тэгээд салхины өөдөөс давших хурд, гулсалт дутагдаад байгаа юм шиг санагдаад эхэлвэл магадгүй 2 line-тай далавч руу шилжиж болох юм. Гэхдээ энэ нь илүү сайн термалдана гэсэн үг биш шүү”.
2 LINE-ТАЙ ПАРАГЛАЙДЕР ЯАЖ НИСДЭГ ЮМ БЭ?
2-liner бол 3 ба түүнээс дээш эгнээ line-тай сонгодог далавчуудаас ихээхэн ялгаатай. Их биенээс нь бүхэл бүтэн нэг эгнээ строп хасчихаар урдаасаа хойшоо хүртэл үүрүүдийг дэмжих дэмжлэг багасна гэсэн үг биз дээ.
A line-ууд жингийн ихэнх ачааллыг өөртөө авдаг боловч үүрний цонхноос нилээд хойш байхаар хийгддэг. Энэ нь удирдлагад нөлөөлнө. Хэрэв speed bar жийсэн үед тоормос дарвал нурах магадлалтай гэсэн үг. 2 line-тай далавчны тоормосыг термалдах үед л ашиглана.
Ихэнх 2 line-тай далавчууд хэлбэрийг нь барих зориулалт бүхий урт цагираган бэхэлгээтэй. Далавчны их бие нь ерөнхийдөө хатуу, хөшингөдүү. Энэ нь нуралт тэр бүр тохиолдоод байхгүй гэсэн үг бөгөөд тохиолдлоо гэхэд маш хүчтэй байх бөгөөд сэргэлт удаан, нисгэгчийн нягт нямбай удирдлагыг шаардана. Юуны өмнө нуралтаас зайлсхийхийн тулд далавчаа маш чадварлагаар удирдаж нисэх хэрэгтэй болно.
Үүрний цонх жижиг, их бие урт байна гэдэг нь салхигүй үед далавч агаараар дүүртэл удна гэсэн үг. Энэ үед урт далавч нилээд тогтворгүй байна.
Эцэст нь, 2 line-тай далавчны тоормосны зам заримдаа нилээд урт байдгаас гартаа ороож дарах хэрэгтэй болдог. Энэ нь хурд авах үед далавч урагш тонгойж, арын ирмэг өргөгдөх учраас хурдыг хянахад хэрэгтэй байдаг.
АХИСАН ШАТНЫ ДАЛАВЧАА ЯАЖ АРЧЛАХ ВЭ?
2 line бүхий далавчууд илүү их арчилгаа шаарддаг. 20-30 цаг ниссэний дараа стропыг шалгаж, шаардлагатай бол засна. Бүх далавчны стропнууд хэсэг хугацааны дараа чийг, температурын хэлбэлзэл зэргээс болж агшдаг. Dyneema төрлийн строп Kevlar-ыг бодвол илүү их мэдрэмтгий бөгөөд брэндүүд болон стропны диаметр хооронд ялгаа бий.
Нислэгийн үед строп сунадаг, гэхдээ строп тус бүр дээр ирж байгаа ачаалал өөр өөр учраас хэсэг хугацааны дараа стропуудын урт нь өөр өөр болно. Энэ нь эргээд далавчны хурдад нөлөөлнө. Хамгийн анзаарагдам нөлөө нь гэвэл, арын эгнээний стропнууд илүү их агшдаг учраас далавч хойшоо гэдийн, нислэг удаашрахад хүрдэг.
Ийм зүйл бүх далавчинд тохиолддог учраас байсхийгээд стропны уртыг шалгаж байх нь зүйтэй. Харин ахисан шатны далавчинд энэ нөлөө илүү тод харагдана. Цөөхөн строптой байна гэдэг нь суналт, агшилтын ялгаа илүү их байх бөгөөд хурдтай далавчны хувьд удаашралт шууд анзаарагдана.
Seb хэлэхдээ: “Далавч термалыг “үмхэж” авах нь муудаад ирэхийг та мэдэрч эхэлнэ. Дөнгөж 5мм-ийн зөрүү ч байсан мэдэгдэнэ. Тэгэхээр нь би B-line дээрх гогцоог жаахан тавьж өгдөг. Бүх нисгэгчдийн адилаар би үүнийг мэдрэмжээрээ хийдэг” гэв.
100-150 цаг ниссэний дараа 2 line-тай далавчны стропыг голдуу багцаар нь солих хэрэгтэй болдог.
СУУДАЛ СОНГОХ НЬ ДАЛАВЧ СОНГОХТОЙ АДИЛ ЧУХАЛ
Ахисан штаны далавчаар нисэж байгаа бол та суудлаа бас нилээн бодолтой сонгох байх. Pod harness (уутат суудал) дотроо хатуулгатай, дүүжин ор маягийн гэсэн 2 янз байдаг. Хатуулгатай суудал нь далавч хянахад илүү амар байдгийг экспертүүд нэгэн дуугаар хэлдэг. Ялангуяа, хурдтай нисэх үед тоормос ашиглахгүй, биеийн жинг шилжүүлэх маягаар донсолгоог гаргахад ихээхэн тустай.
Seb: “Хатуулгатай суудалтай үед далавчаа илүү хянаж, чиглэлээ тогтвортой барих боломжтой. Далавч илүү тогтвортой байх учраас гулсалт ч сайн байна. Тэмцээнд ихэнх тамирчид хатуулгатай суудал хэрэглэдэг” гэв.
Зарим нисгэгчид дүүжин ор маягийн суудлыг тав тухтай гэж сонгодог. Энэ нь далавчны донсолгоог зөөлрүүлдэг боловч “хэрэв зөвхөн энэ шалтгааны улмаас түүнийг сонгож байгаа бол дахин нэг бодоод үз” гэж Aljaž зөвлөв. “Дүүжин ор маягийн суудал нь аюулгүй байдлын хуурамч мэдрэмж төрүүлдэг. Сэгсрэлтийг мэдрэхгүй байна гэдэг тэнд сэгсрэлт байхгүй байна гэсэн үг биш. Далавчныхаа өгч буй мэдээллийг хүлээн авч чадахгүй, эсвэл хожимдож мэдэрнэ гэсэн үг. Бас сэгсрэлтэнд үзүүлэх таны хариу үйлдэл удаан байна. Биеийн жингийн шилжилт төдийлөн үйлчлэхгүй. Тиймээс зөв цагт нь зөв хариу үйлдэл үзүүлж чадахгүй бол харин ч нурах аюул их болно”.
ПАРАГЛАЙДЕРЫН ХӨГЖИЛ ХЭР ХОЛ ЯВАХ БОЛ?
“Шарк хамар” технологийг 2011 онд анх Ozone хөгжүүлж, патентыг нь авснаас хойш түүнийг бусад үйлдвэрлэгч нар ч өргөн хэрэглэх болсон. Түүнээс гадна 2 line-тай далавч гарч ирсэн нь сүүлийн 10 жилд хийгдсэн дизайны хоёр томоохон шинэчлэл болов.
Иймэрхүү том алхам ойрын жилүүдэд хийгдэхгүй байх магадлалтай ч далавчны дизайн хийх програм хангамж улам сайжрах зэргээр хөгжсөөр л байна. CFD (computational fluid dynamics) гэх аргаар далавчны эргэн тойрны агаарын урсгалыг тооцоолж, далавчийг үйлдвэрлэхээс ч өмнө дизайныг улам оновчтой болгох боломж бүрдэж байна.
Skywalk-ын Arne хэлэхдээ: “Дизайны бүх талуудыг хэрхэн улам бүр оновчтой болгох талаарх бидний мэдлэг нэмэгдсээр л байна. Цаашдаа магадгүй сэгсрэлттэй агаарын орчинд далавчны үзүүлэх “зан төрх”-ийг сайжруулах чиглэлд томоохон алхам хийгдэх байх” гэв.
“Магадгүй илүү хурдтай далавчууд ч гарах байх. Материал илүү сайжирснаар улам л гөлгөр гадаргуу хийж болно. Гэхдээ эцсийн эцэст ийм гүйцэтгэлтэй далавч нисгэгчид хэр хэрэгтэй байх вэ гэдэг нь л чухал”
Нисгэгчийн хувиар, Seb хэд хэдэн зүйл хүсдэг гэнэ. “Зарим нэг маш сайн 2 line-тай далавчууд байгаа. Гүйцэтгэл сайтай, гараа хийхэд амархан, газардахад тав тухтай. Хамгийн гол нь хэрэглэж болохуйц гүйцэтгэл гэдэг чухал. Би бол эргэлт хийхэд амар далавч л хайж байдаг. Миний бодлоор, хөнгөн байхыг чухалчлаад бид эдэлгээг жаахан орхигдуулсан байж магадгүй. Арай өмнөх үеийн 2 line-тай далавч 400 цаг ниссэний дараа ч гайгүй сайнаараа байдаг байв. Энэ тухайд илүү сайжрах байх гэж би найдаж байна. Шинэ загварууд дотор бүтэцдээ илүү бат бөх материалтай, гэхдээ жин нэмэгдэхгүй байхаар, мөн стропнууд хэлбэрээ амархан алддаггүй байвал сайн байна. Тэгээд арай хямд байвал бүр сайхнаа!” гэлээ.
Cross Country сэтгүүлийн тусгай дугаар "Gear Guide 2021"-ээс орчуулсан Ч. Туул