card

Монголын параглайдингийн спортын түүх, үүсэл хөгжил

1996 онд Францын "Маркштейн" чөлөөт нислэгийн сургалтын төвийн багш Филипп Марк Монголд хүрэлцэн ирж хамтарсан чөлөөт нислэг хийж байжээ. Тэр үед Францын National Popular Bank-ны сурталчилгааны зураг авалтанд Филипп Маркийн хамт А.Александр, Алинзул, Цогбадрах 4 параглайдераар нисэж байсан бөгөөд одоо ч  тус банкны үүдэнд тэдний нислэгийн зураг байдаг.

Тэд Баянзүрх, Сутай хайрхан, Бор-Өндөр зэрэг газар нислэг хийж байсан бөгөөд 2001 онд Отгонтэнгэр хайрханы цас мөсний захаас буюу мөнх цасны доохноос нислэг хийж байжээ.

2013 оноос шинэ үеийнхэн гарч ирснээр параглайдингийн спорт эрчимтэй хөгжиж байна. Монголын Ханглайдинг, Параглайдингийн Нийгэмлэг байгуулагдан өмнө нь тус спортоор хичээллэж байсан ахмад нисгэгчдийг цуглуулан нэгэн гэр бүлийг бүрдүүлж, хамтдаа нислэг хийж байна. Мөн 2014 онд Монгол Параглайдинг клуб, 2018 онд Фалкон агаарын спортын клуб, Монголын уулын шүхрийн клуб, 2021 онд Агула агаарын спортын клуб тус тус байгуулагдан анхан шатны сургалт явуулж, сонирхогчийн тандем нислэг хийж байна.

Манай нийгэмлэг нь Монголын агаарын спортын холбооны бүрэлдэхүүнд багтан  Дэлхийн агаарын спортын холбоо (FAI)-д гишүүнээр 2017 онд элссэний үр дүнд манай тамирчид FAI-н санкцтай олон улсын тэмцээнүүдэд оролцох боломж бүрдэж, тодорхой амжилтууд гаргасаар байна. 2018-2019 онуудад манай шигшээ баг Тайландад болсон Ази-Далайн орнуудын Параглайдингийн цэг онолтын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн, Казахстан болон Албани, Турк, БНСУ зэрэг улсуудад Цэгт газардах төрлөөр дэлхийн цомын тэмцээн, Индонезид болсон Азийн наадамд цэгт газардах болон холын зайн нислэг гэсэн 2 төрлөөр тус тус амжилттай оролцсон. 2020-2021 онуудад дэлхий даяар нүүрлэсэн цар тахлын улмаас олон улсын уралдаан тэмцээнүүд маш цөөхөн зохион байгуулагдсан хэдий ч 2021 оны 10-р сард Албани улсад болсон ДАШТ-д Фалкон клубын А. Батдаваа, С. Очхүү, Б. Болормаа нар амжилттай оролцсон. 2022 оны 6-р сард Казахстанд болсон дэлхий цомын болон Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд урд өмнөхөөс хамгийн олон тооны тамирчид Монголоос оролцон, Б. Болормаа Азийн АШТ-ний эмэгтэйчүүдийн ангилалд шагналт 5-р байр эзэлсэн билээ.

Манай нийгэмлэгээс жил бүр параглайдингийн фестиваль, улсын аварга шалгаруулах тэмцээн, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг бол гишүүн клубүүд Mongolian Cup (Фалкон), PGA Mongolian Open (Mongolian Air Paragliding Club), Fly Chinggis Cup (Монгол Параглайдинг клуб) зэрэг цомын тэмцээнүүдийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг болоод байна. Мөн нислэг аяллууд зэрэг олон арга хэмжээг санаачлан зохион байгуулж, олон нийтэд спортоо таниулсаар ирсэн билээ. Монголд параглайдингийн 60 гаруй нисгэгчид байдаг.

Рекорд

А. Александр .... онд  Чингисийн хүрээнээс хөөрч Хүүшийн ам, Зайсан, Баянзүрх, Зүрх уул, Тэрэлжийн тамгат, Зайсан, Нарантуул захын чиглэлд нисч нийт 72 км нислэг хийж байжээ. Мөн Ховд аймгийн Цэцэг нуурын араар Сутай хайрханы чиглэлд 93 км ниссэн гэсэн мэдээлэл байдаг.

Монгол Параглайдинг клубийн үүсгэн байгуулагч, тэргүүн П. Болд 2021 оны 7-р сарын 4-ний өдөр BGD Adam En-A ангиллын далавчаар Баянзүрх уулнаас 13:25 цагт хөөрөөд 14:01 цагт шинэ Налайх орчимд газардахдаа агаараар 16.7 км, газраар 31 км зайг туулсан байна.

Мөн Монгол Параглайдинг клубийн нисгэгч Ц. Мягмардорж 2021 оны 7-р сарын 8-нд Gin Sprint 3, En-B+ ангиллын далавчаар  Баянзүрх уул 1792 м өндрөөс хөөрч термалдан 3476 м өндөрт гараад, :_ км/ц дээд хурдаар 13.79 км зайг туулсан байна.

Үүсэл хөгжил